ДЭЛХИЙН МЭДЭЭ

Путин олон тооны цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай “Сармат” пуужингийн туршилт амжилттай болсныг мэдэгдэв

Орос улс цөмийн хүчин чадалтай тив алгасах баллистик пуужинг туршсан тухай лхагва гарагт Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

Удаан хүлээсэн “Сармат” пуужинг лхагва гарагт Москвагийн цагаар 15:12 цагт Оросын баруун хойд нутгийн Плесецк баазаас анх удаа харвасан бөгөөд Камчаткийн хойгоос 6000 км-ийн зайд орших байг оносон гэж Оросын Батлан ​​хамгаалах яам Путинд мэдээлжээ.

“Сармат” нь 10 ба түүнээс дээш байлдааны хошуу, анхаарал сарниулагч пуужин тээвэрлэх чадвартай, дэлхийн аль ч хэсэгт цохилт өгөх боломжтой тив алгасах пуужин юм.

“Шинэ пуужин нь хамгийн өндөр тактик болон техникийн шинж чанартай бөгөөд пуужингийн довтолгооноос хамгаалах орчин үеийн бүх хэрэгслийг даван туулах чадвартай. Дэлхийд ижил төстэй загварчлал байхгүй, цаашид ч удаан хугацаанд байх боломжгүй” гэж Путин хэлэв.

Тэрээр цааш нь “Энэхүү өвөрмөц зэвсэг нь манай зэвсэгт хүчний байлдааны чадавхыг бэхжүүлж, Оросыг гадны аюулаас найдвартай хамгаалж, түрэмгий үг хэллэгээрээ манай улсад заналхийлэхийг оролдож буй этгээдүүдэд шийдвэрээ эргэж харах шалтаг болно” гэжээ.

Туршилтын ажил дууссаны дараа энэ оны намраас шинэ пуужинг Оросын цөмийн хүчинд хүлээлгэн өгнө гэж “Роскосмос” сансрын агентлагийн тэргүүн Дмитрий Рогозин лхагва гарагт мэдэгдэв.

“Сармат”-ын хөгжүүлэлтийг олон жилийн турш хийж ирсэн тул лхагва гарагийн туршилт барууныхныг гайхшруулаагүй байна. Гэхдээ геополитикийн хурцадмал байдлын үед, мөн ялалтын баярын өмнө туршилтыг явуулсан нь технологийн ололтоо харуулах зорилготой бэлгэдлийн чанартай гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet