УКРАИН

Мариупольд олзлогдсон Британийн хоёр дахь цэрэг Оросын телевизээр үг хэлжээ

Мариуполь хотод Украины армитай хамт тулалдаж байгаад Оросын цэргүүдэд олзлогдсон Британийн хоёр дахь цэргийг Оросын телевизээр гаргажээ.

Бямба гарагийн орой Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан суртал ухуулгын богино бичлэгт 48 настай Британийн цэрэг асан ядарсан, хөхөрсөн байдалтай харагдсан байна.

Тэрээр бичлэгт “Сайн байна уу, намайг Шон Пиннер гэдэг. Би Их Британийн иргэн. Би Мариупольд олзлогдсон. Би Украины тэнгисийн явган цэргийн 36-р бригадын нэгдүгээр батальонд харьяалагддаг. Би Мариупольд таваас зургаан долоо хоногийн турш тулалдсан бөгөөд одоо Бүгд Найрамдах Донецк Ард Улсад байна” гэж хэлжээ.

Бичлэгийг хэзээ хийсэн болон Пиннерийг хэрхэн баривчилсан нь тодорхойгүй байгаа ч өнгөрсөн долоо хоногт батальоных нь сум дуусаж Оросын армид бууж өгсөн байж магадгүй гэж таамаглаж байна. Тэрээр Их Британийн өөр нэг цэрэг болох 28 настай Айден Аслинтай мөр зэрэгцэн тулалдаж байв.

Пиннер нь дөрвөн жилийн өмнө Украин руу нүүж, эхнэрийнхээ хамт Донбасст амьдарч эхэлсэн байна. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Мариуполоос 16 км-ийн зайд нуувчинд байрлаж байсан ба тэнд салан тусгаарлагчидтай тулалдаж байжээ.

Тэрээр нэгдүгээр сард “Mail on Sunday” сонинд өгсөн ярилцлагадаа “Би энд гэр бүлээ, амьдардаг хотоо хамгаалж байна” гэж хэлээд “Би маш их айж байна. Бид англи хүн учраас баригдвал оросууд бидэнд өөрөөр хандах болно” хэмээн айж байгаагаа хэлж байжээ.

Исламын улс бүлэглэлийн эсрэг Сирийн ардчилсан хүчинд Пиннер болон Аслин нартай хамт тулалдаж байсан АНУ-ын тэнгисийн цэрэг асан Жейсон Пихайлич эдгээр хүмүүсийг “хөлсний дайчид биш сайн дурынхны хувьд тэмцэж байгаа ардчиллын жишиг” гэж тодорхойлов.

Тэрээр “Тэд зодуулж байгаа нь тодорхой бөгөөд өөр юу болоод байгааг хэн мэдэх билээ. Тэднийг хөлсний цэрэг хэмээн цоллож байгаа ч эдгээр залуус хөлсний цэрэг биш, тэд бол зохих дүрэмт хувцастай, Украины цэргүүд юм” гэж хэлжээ.

Пиннерийн гэр бүл болон Украины армитай тулалдаж байгаад, өнгөрсөн долоо хоногт Оросын армид олзлогдсон Британийн иргэн Аиден Аслины гэр бүл Их Британийн засгийн газартай хамтран Женевийн конвенцын дайны олзлогдогсдын эрхийг хамгаалах заалтын дагуу тэдний эрхийг хангахаар ажиллаж байна.

 Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet