COVID-19

Хоолгүйдэж, өлссөн Шанхай хотын иргэдийн уур хилэн дээд цэгтээ хүрчээ

Одоогийн байдлаар Хятадын 44 хот бүрэн болон хэсэгчилсэн хөл хорионд байна. Тэр дундаа дэгдэлтийн голомт гэж нэрлэгдээд байгаа 25 сая хүн амтай Шанхай хотод ​​хөл хорио гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Эрх баригчид Шанхай хотын хүн амыг бүхэлд нь ковидын шинжилгээнд хамруулах зэргээр вирусийн шинэ дэгдэлттэй тэмцэж байгаа ба шинжилгээгээр эерэг гарсан тохиолдолд тусгаарлалтанд оруулах хатуу журмыг баримталж байна.

Гэвч өдөрт 20,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа тул эрх баригчид сүүлийн үед үзэсгэлэнгийн танхим, сургуулиуд зэрэг томоохон заалтай газруудыг тусгаарлалтын төв болгон хувиргаж, түр эмнэлгүүдийг байгуулжээ.

Урт удаан хөл хорионы дүнд Шанхай хотын хүн ам хүнсний хомсдолд орж, иргэдийн уур хилэн дээд цэгтээ хүрээд байна. Сүүлийн өдрүүдэд ковидын хязгаарлалтыг эсэргүүцэж буй Шанхай хотын иргэдийн бичлэгүүд нийгмийн сүлжээнд ихээр тархах болжээ.

Нэгэн хэрэглэгч “Өлсөж байна” хэмээн орилож хүнсний хангамж шаардан жагсаж буй хүмүүсийн бичлэгийг нийтэлсэн бол өөр хэрэглэгч хоосон хөргөгчөө нийгмийн сүлжээнд харуулжээ. Цагдаа болон иргэдийн хооронд мөргөлдөөн гарч буй бичлэг мөн интернетэд тавигдсан байна.

Хятадын интернет орчин төрийн хатуу хяналтанд байдаг ч эдгээр бичлэгүүдийг “цензур”-дэж дийлэхгүй байгаа бололтой. Мөн хүмүүс хувийн групп чатууд нээж бичлэгүүдээ хуваалцаж байгаа нь хяналт тавих боломжийг улам хүндрүүлж байгаа аж.

Энэ хооронд үйлдвэрүүд Шанхайгаас шаардлагатай эд ангиудаа татан авч чадахгүйд хүрсэн тул Хятадын үйлдвэрлэлийн салбарын зарим хэсэг удахгүй хаагдаж магадгүй байна.

Цахилгаан машин үйлдвэрлэгч “Xiaopeng” компанийн ерөнхийлөгч Хэ Сяопэн хэлэхдээ тавдугаар сар гэхэд Шанхай дахь үйлдвэрлэл ажиллаж эхлэхгүй бол улс даяарх бүх автомашины үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсооход хүрч болзошгүй гэв.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet