ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украин “Москва” хөлөг онгоцонд цохилт өгсөн нь бэлгэдлийн болон цэргийн ач холбогдолтой

Оросын Хар тэнгисийн флотын тэргүүлэгч “Москва” хөлөг онгоцонд дэлбэрэлт болсны улмаас ноцтой гэмтэл үүссэн тухай мэдээллийг Оросын Батлан ​​хамгаалах яам баталсан.

Тус яам мэдэгдэлдээ “Гал гарсны улмаас Москва хөлөгт байсан сум дэлбэрч, хөлөг онгоц ноцтой эвдэрсэн. Багийг бүхэлд нь нүүлгэн шилжүүлсэн бөгөөд гал гарсан шалтгааныг шалгаж байна” гэжээ.

Харин Украины тал 186 метр урт тус хөлөг онгоцонд “Нептун” нэртэй пуужингаар цохилт өгсөн гэж тайлбарлаад байгаа. Одесса мужийн захирагч Максым Марченкогийн мэдэгдсэнээр Могойн арал дээрх хилчид “Москва” хөлөг онгоцонд цохилт өгсөн байна.

“Москва”-г 1980-аад оны эхээр ЗХУ-ын нутаг дэвсгэрт бүтээсэн бөгөөд ЗХУ-ын тэнгисийн цэргийн “Атлантын 1164” ангийн тэргүүлэх хөлөг байв. Эхэндээ “Слава” гэж нэрлэгдэж байсан ч дараа нь нэрийг нь сольжээ.

Байлдааны хөлөг онгоцны гол зэвсэг бол хөлөг онгоц эсэргүүцэх “П-1000 Вулкан” пуужин юм. “Москва” 2000 онд Хар тэнгисийн флотын тэргүүлэгч хөлөг онгоц болсон ба 2015 онд эхэлсэн Сири дэх Оросын цэргийн кампанит ажилд чухал үүрэг гүйцэтгэж байжээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн коллежийн дэргэдэх Оросын тэнгис судлалын хүрээлэнгийн захирал, профессор Майкл Петерсен радиод ярилцлага өгөхдөө “Москва” хөлөг онгоц ноцтой гэмтсэн талаар “Яг юу болсныг мэдэхэд арай эрт байгаа ч Украин далайд багагүй ялалт байгуулж чадсан юм шиг харагдаж байна” гэж хэлжээ.

Мөн тэрээр Оросын Хар тэнгисийн флотын “тэргүүлэгч”, тэнгисийн цэргийн хүчний “бэлгэдэл” хөлөгт ноцтой хохирол учруулсан нь “бэлгэдлийн болон цэргийн томоохон ач холбогдолтой” хэмээн тодорхойлов.

Учир нь 2014 онд Орос Крымийг анх эзлэн түрэмгийлж, өөртөө нэгтгэх үед Украин тэнгисийн цэргийн флотынхоо ихэнх хэсгийг алдсан бол өдгөө Москвад томоохон хохирол учруулах хэмжээнд цохилт өгөх чадвартай гэдгээ баталсан гэж тэрээр тайлбарлажээ.

Мөн эрэг дээрх цэргүүдэд шууд галын дэмжлэг үзүүлэх чадварт нөлөөлж, эрэг орчмын бүс нутгуудад агаарын довтолгооноос хамгаалахад нь саад болж магадгүй тул Оросын арми эрэг орчмын ажиллагаагаа өөр зүгт шилжүүлэх магадлалтай гэв.

Эх сурвалж: BBC

1 сэтгэгдэл

  1. Иргэн

    2022-04-14

    Эргүү хохолууд одоо киев чинь үнс нурам болж төлнө дөө

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet