ИРГЭНИЙ ӨНЦӨГ

ЕВРОПИЙН ХОЛБОО, АНУ-ЫН ЭЛЧИН САЙД-ын мэдээллээс гурван үндсэн мессеж авлаа

-ИРГЭНИЙ ӨНЦӨГ-

via Chimedee Tsegmid

Европийн холбоо болон зарим гишүүн орон, АНУ-ын элчин сайд хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллээс гурван үндсэн мессеж авлаа.

АНХААР: Энэ постод миний хувийн байр суурь, өнцөг орсон болно.

1. ОХУ олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байгаа гэж тэд ямар ч эргэлзээгүй дуу хоолойгоо нэгтгэж байна. НҮБ-ийн бүрэн эрхэт гишүүн нэг улс нөгөө рүүгээ довтолж, гэм зэмгүй хүмүүсийг аймаглан устгасныг Олон улсын шүүх шударгаар шүүх өдөр ирнэ гэсэн байр суурьтай байна. Хэдийгээр уугуул иргэдийг хомрогдон устгаж байгаа гэх мэдээллийг ОХУ үгүйсгэж байгаа ч аймшигтай үйлдлийг нь нотлох баримт өдөр бүр ил тод болсоор байгааг хуралд оролцогчид илэрхийллээ. Тиймээс Европийн холбоо Оросын байгалийн хий, газрын тос, эрчим хүчний салбарт томоохон хориг тавих багц арга хэмжээ хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа ажээ. Энэ удаагийн хориг барууны орнуудад өөрсдөд нь илүү хүндрэл бэрхшээл авчрах ч түүнээс илүү дайныг зогсоож хүмүүсийг амар тайван аж төрөх цаг үеийг авчрах нь юунаас ч чухал гэсэн санаа дэвшүүлэв.

2. Дайнтай холбоотой Монгол улсын төвийг сахих байр суурийн талаар Европийн холбоо яг тодорхой үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй. Миний ойлгосноор тэд одоохондоо харзнаж, ялангуяа ОХУ-аас эрчим хүчний хувьд хараат байдлыг маань ойлгож байгаа нь ажиглагдлаа. Ойрын ирээдүйд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тэд манайд илүү туслах бололтой. Түүнчлэн ОХУ болоод Монгол улс хоорондын томоохон төсөл хөтөлбөртэй холбоотойгоор барууныхан манайд ямар нэг хориг саад тавих эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Саяхан үзэглэсэн хийн хоолойтой холбоотойгоор Ийгл телевизийн тоймч Ганбаярын асуусан асуултаас тэд хоёр ч удаа “бултав”. Монгол улсын байр суурь Америк болон барууны орнуудад зорчих визний асуудалд нөлөөлөхгүй юм байна. Харин ч Монголын иргэдэд визийг илүү хялбаршуулж олгох шинэ дүрэм боловсруулж байгаагаа Чехийн элчин сайд хэлэв. Гэхдээ Чех улсын хувьд шүү. Бусад улсууд визний асуудлаар өөр өөрийн дүрэм журмаа хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэмээн Европийн холбооны элчин сайд хэлсэн.

3. Монгол улс дахь Ардчилал, Хүний эрх ялангуяа Мэдээллийн эрх чөлөө Монгол улсыг Европийн холбооны өмнө нүүр тахалж байгаа нь хэвлэлийн бага хурлаас харагдлаа. Америкийн элчин сайд хэлэхдээ, Бид Орост байсан бол ийм хурал хийж чадахгүй. Тэнд хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэсэн ойлголт байхгүй гэв. Монгол улс иргэдээ гадаад, дотоодын олон эх үүсвэрээс мэдээлэл авах байдлыг огт хязгаарлахгүй байгааг барууныхан энэ хурлаараа онцолж байна. Ингэснээрээ тэнцвэртэй, итгэл үнэмшилтэй мэдээллийг эрэн хайх, олж авах, бусалтай хуваалцах, түгээх боломжийг Монгол улс иргэддээ олгож байна хэмээн тэд дүгнэж байлаа. Эцэст нь тэд ОХУ-ын хэт нэг талын байр суурь бүхий, иргэдийг талцуулах, тархи угаах зорилго бүхий мэдээллийг нягталж шалгах, олон талт байр суурь, баримтыг тэнцвэртэйгээр түгээх нь чухал юм гэсэн санааг Монголын сэтгүүлчидтэй хуваалцлаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet