ДЭЛХИЙН МЭДЭЭ

Авторитар удирдагч, Путины холбоотон Виктор Орбан дөрөв дэх удаагаа Унгарын Ерөнхий сайдаар сонгогдлоо

Унгарын авторитар удирдагч, Оросын холбоотон Виктор Орбан тус улсын парламентын сонгуульд ялалт байгуулж, дөрөв дэх удаагаа дараалан засгийн эрхэнд гарахаар боллоо.

Ням гарагт Унгарын үндэсний сонгуулийн зөвлөлийн мэдээлснээр Орбаны Фидес нам 71 хувийн саналаар тэргүүлжээ.

Орбан ялалтаа зарлахдаа “Бид хамгийн том ‘өрсөлдөгчдөө’ ялан дийлэх чадвартай байсан учраас энэ ялалт бол бидний насан туршдаа мартаж болохгүй ялалт юм. Дотоодын зүүнийхэн, олон улсын зүүнийхэн, Брюссель дэх хүнд сурталтнууд, Соросын эзэнт гүрний мөнгө, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр ч байтугай Украины ерөнхийлөгч хүртэл” гэж хэлжээ.

Унгар улс Оросын эрчим хүчнээс ихээхэн хамааралтай бөгөөд өмнө нь Орбан Путины Украин дахь халдлагыг буруушаахаас зайлсхийж байв.

Мөн Орбан засгийн эрхийг 12 жил барьсан хугацаандаа Унгарын шүүх засаглал, хэвлэл мэдээлэл, боловсролын байгууллагуудад хяналтаа тогтоож, цагаачид болон ЛГБТИК+ нийгэмлэгт чиглэсэн хууль тогтоомжийг түлхэж, “либерал бус” улс байгуулах хүсэлтэй байгаагаа хэлж байв.

Өнгөрсөн сард Европын Ардчилсан институц, болон хүний ​​эрхийн алба нөхцөл байдлыг үнэлснийхээ дараа сонгуулийн үеэр бүрэн хэмжээний мониторинг хийхийг санал болгож байсан бол Орбаны өрсөлдөгч эдийн засагч Марки-Зай сонгуулийн үр дүнг зарласнаас хойш сонгуулийг “ардчилсан” болсон эсэхэд эргэлзэж байгаагаа мэдэгджээ.

Энэ үеэр, Унгарын дөрвөн ТББ-аас бүрдсэн “Цэвэр сонгууль” нэртэй эвсэл сонгуулийн хуулийг зөрчсөн тухай олон гомдол хүлээн авсан гэж мэдэгдэв. Эвслийн мэдээлснээр сонгогчдын саналыг 10,000 Унгар форинт буюу 30 ам.доллароор худалдаж авахыг санал болгож байсан бол өөр газарт саналын хариуд мах санал болгожээ. Мөн сонгогчдыг хууль бусаар автобусаар зөөвөрлөсөн гэх мэдээлэл гарсан байна.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт олон тооны Унгар хүмүүсийн давхар иргэншилтэй байдаг Румыний Трансильван муж дахь хогийн цэгээс шуудайнд хийж хэсэгчлэн шатаасан олон тооны сонгуулийн саналын хуудас олдсон бөгөөд саналын хуудасны ихэнх нь сөрөг хүчний нэр дэвшигчдийнх байжээ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet