ДЭЛХИЙН МЭДЭЭ

Тайландад гэртээ каннабис тарих боломжтой болжээ

Мягмар гарагт Тайландын хар тамхитай тэмцэх зөвлөл каннабисыг хар тамхины жагсаалтаас хасч, гэртээ тариалах боломжийг нээлттэй болгоно гэж мэдэгдэв.

Шинэ журмын дагуу хүмүүс каннабис ургамлыг гэртээ тарихынхаа өмнө орон нутгийн засаг захиргаанд мэдэгдэх ёстой байна. Гэхдээ нэмэлт зөвшөөрөлгүйгээр каннабисыг худалдаалах боломжгүй гэж Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул мэдэгдэв.

Гэрээр тарьж ургуулсан каннабисыг зөвхөн уламжлалт анагаах ухаан, хоол хүнс, эмийн зохицуулалтаар ашиглах ёстой бөгөөд санамсаргүй хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах юм байна.

Хуулийн төсөлд зааснаар засгийн газарт мэдэгдэлгүйгээр каннабис тарьсан тохиолдолд 20,000 бат (605.33 доллар) хүртэл торгууль ногдуулах бол зөвшөөрөлгүй зарсан тохиолдолд 300,000 бат хүртэл мөнгөн торгууль, эсвэл гурван жилийн хорих ял, эсвэл хоёр шийтгэлийг зэрэг ногдуулна гэжээ.

Энэхүү дүрмийг албан ёсны “Royal Gazette” сонинд нийтлэх ёстой бөгөөд нийтлэлээс 120 өдрийн дараа хууль хүчин төгөлдөр болох юм.

Үүний зэрэгцээ, энэ долоо хоногт Эрүүл мэндийн яам каннабисын хууль ёсны хэрэглээ, түүний дотор үйлдвэрлэл, арилжааны зориулалтаар ашиглах тухай, зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглах удирдамж зэргийг багтаасан тусдаа хуулийн төслийг парламентад өргөн барихаар төлөвлөжээ.

Өнгөрсөн жил Тайландад олсны ургамал, “CBD”-г өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хэрэглэхийг зөвшөөрсний дараа ус ундаа, гоо сайхны компаниуд эдгээрийг агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна.

Тайланд нь 2018 онд марихуаныг эмнэлэг, судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглахыг хуульчилсан Зүүн өмнөд Азийн анхны улс болж байв.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet