ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хойд Солонгосын таван иргэнд хориг тавих АНУ-ын саналыг Хятад, Орос хориглов

АНУ Хойд Солонгосын пуужингийн туршилтуудтай холбогдуулан тус улсын таван иргэнд хориг арга хэмжээ авах хүсэлтийг НҮБ-т гаргасан байсан бөгөөд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл пүрэв гарагт хоёр дахь удаагаа энэ асуудлаар хуралдах байв.

Тэгвэл Хятад болон Орос улсууд Хойд Солонгост хориг тавих АНУ-ын саналыг хойшлуулжээ. Хятад улс зөвлөлд хандан хориг арга хэмжээг судлахад илүү их цаг хэрэгтэй гэсэн бол ОХУ АНУ-ын хүсэлтийг дэмжихийн тулд нэмэлт нотлох баримт хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижианаас Пхеньяны мэдэгдлийн талаар асуухад “Хориг арга хэмжээ, дарамт шахалтад сохроор хандах нь хойгийн асуудлыг зохицуулахаас илүү хурцадмал байдлыг улам нэмэгдүүлдэг гэдгийг өмнөх туршлагуудаар нотолсон. Энэ нь аль ч намын ашиг сонирхолд нийцэхгүй” гэж хариулсан байна.

НҮБ-ын одоогийн дүрмийн дагуу хориг арга хэмжээ зургаан сар үргэлжилж, үүний дараа хоригийг гурван сараар сунгах боломжтой.

Даваа гарагийн туршилт нь Хойд Солонгосын энэ онд хийсэн дөрөв дэх удаагийн туршилт байсан бөгөөд өмнө нь өндөр хурдтай, маневрлах чадвартай хэт авиан пуужинг хоёр удаа харвасан бол өнгөрсөн баасан гарагт галт тэрэгний вагоноос ойрын тусгалтай хос пуужинг туршсан юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн долоон гишүүн АНУ, Албани, Бразил, Франц, Ирланд, Арабын Нэгдсэн Эмират, Их Британи улсууд пүрэв гарагт хийсэн хамтарсан мэдэгдэлдээ “Эдгээр хөөргөлтүүд нь үй олноор хөнөөх зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрийг ямар ч үнээр хамаагүй, тэр дундаа өөрийн ард түмнийхээ хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдсэнийг харуулж байна” гэж мэдэгджээ.

Мөн “Гишүүн орнууд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авах нь нэн чухал, эс тэгвээс БНАСАУ-ын дэглэмд зэвсгийн хөтөлбөрөө урагшлуулахад нь эрх чөлөө өгсөнтэй ялгаагүй” гэж дурджээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ пуужин харвасантай холбогдуулан нэг талын хориг арга хэмжээ авсан. Үүнд Хойд Солонгосын тав, Оросын нэг иргэн, мөн Оросын нэг компанийг пуужингийн хөтөлбөрт зориулж Орос болон Хятадаас бараа бүтээгдэхүүн худалдаж авсан хэмээн буруутгаж хар жагсаалтад оруулсан.

Дараа нь эдгээр хүмүүсийн тавд нь зорчих хязгаарлалт тогтоож, хөрөнгийг нь битүүмжлэхийг НҮБ-д санал болгосон юм. Уг хүсэлтийг Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүнтэй Хойд Солонгосын хориг арга хэмжээний хороо зөвшилцөх ёстой байв.

Пхеньяныг баллистик зэвсэг туршихыг НҮБ хориглосон ч 2019 онд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалт Хойд Солонгосын тавьсан хориг арга хэмжээг хөнгөвчлөх шаардлагын улмаас нуран унаснаар цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Пхеньяныг цөмийн зэвсэг, пуужингаас татгалзахыг ятгахын тулд дахин яриа хэлэлцээ хийхийг оролдсон ч бүтэлгүйтсэн.

Хариуд нь Хойд Солонгос түр зогсоогоод байсан цөмийн болон тив хоорондын баллистик пуужин (ICBM)-ийн туршилтаа дахин эхлүүлж магадгүй талаар анхаарууллаа.

Үүний зэрэгцээ, баасан гарагт Байден болон Японы шинэ Ерөнхий сайд Фумио Кишида нар виртуал яриа хэлэлцээр хийх бөгөөд энэ үеэр Хойд Солонгосын асуудлыг хөндөх төлөвтэй байна.

Эх сурвалж: Al Jazeera

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet