ДЭЛХИЙН МЭДЭЭ

19 настай Зара Рутерфорд дэлхийг ганцаараа тойрон ниссэн хамгийн залуу эмэгтэй боллоо

Их Британи-Бельгийн давхар иргэншилтэй 19 настай Зара Рутерфорд 52,000 километр замыг туулан, 41 орноор аялсан нислэгээ дуусгаж, Бельгийн баруун хэсэгт орших Кортрийк-Вевелгем нисэх онгоцны буудалд пүрэв гарагт газарджээ.

Тэрээр дэлхийг тойрсон аяллаараа Гиннесийн хоёр ч дээд амжилтыг эвджээ.

Рутерфорд 2017 онд 30 настайдаа дэлхийг тойрон аялсан Шаэста Вайзийн дээд амжилтыг эвдэн дэлхийг ганцаараа тойрон ниссэн хамгийн залуу эмэгтэй болсон байна. Түүнчлэн дэлхийг ультра хөнгөн онгоцоор тойрон аялсан анхны эмэгтэйн амжилтыг эзэмших болжээ. Мөн тэрээр ганцаараа дэлхийг тойрон ниссэн анхны Бельги хүн юм.

Рутерфорд 2021 оны наймдугаар сарын 18-нд захиалгаар хийлгэсэн Шарк ультра хөнгөн онгоцоор нислэгээ эхлүүлсэн бөгөөд гурван сар орчим аялна гэж төлөвлөж байв.

Гэвч тэрээр аяллынхаа туршид олон хүндрэлүүдтэй тулгарчээ. Виз болон цаг агаарын асуудлаас болж Аляска болон Орост олон хоногоор саатаж, аяллаа найман долоо хоногоор сунгасан байна.

Рутерфорд пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Сибирийн дээгүүр нисэх хамгийн хэцүү байлаа. Маш хүйтэн. Газар дээрх агаарын температур Цельсийн -35 хэм байсан. Хэрэв хөдөлгүүр зогссон бол аврах баг ирэх хүртэл хэдэн цаг зарцуулах байсан бөгөөд би хэр удаан тэсэж чадахаа мэдэхгүй байсан” гэжээ.

Түүнчлэн тэрээр Сиэтл орчимд гарсан түймрийн улмаас үзэгдэх орчин муудсан тул Калифорни мужийн Реддинг хотод төлөвлөгдөөгүй буулт хийхээс өөр аргагүйд хүрч, мөн дараа нь Хятадын дээгүүр нисэх зөвшөөрөл нь цуцлагдсан байна.

Рутерфорд Сингапур, Египет, Грек, Орос, Өмнөд Солонгос зэрэг олон улсын дээгүүр нисэж өнгөрсөн ч Ковид-19-ийн хязгаарлалтын улмаас төдийлөн газрын аялал хийж чадаагүй байна.

Рутерфордын эцэг эх хоёулаа нисгэгч бөгөөд тэрээр 14 настайдаааа нисэж суржээ. Тэрээр ахлах сургуулиа төгсөөд нэг жилийн завсарлага авсан бөгөөд есдүгээр сард их сургуульд элсэн орж, компьютерын инженерээр суралцахаар төлөвлөсөн гэв.

Тэрээр энэхүү аяллаараа Шаэста Вайзын рекордыг эвдэхээс гадна агаарын тээврийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой байжээ.

Өнгөрсөн жил Рутерфорд олон улсын агаарын тээврийн эмэгтэй нисгэгчдийн нийгэмлэгийн (ISA) тоо баримтаас үзвэл, дэлхийн нисэх онгоцны нисгэгчдийн ердөө 5.1 хувь нь эмэгтэйчүүд байдагт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet