COVID-19

Австрийн парламентын доод танхим заавал вакцин хийлгэх журмыг баталжээ

Австри улсын парламентын доод танхим засгийн газрын шинэ саналыг дэмжсэний дараа вакцинжуулалтад заавал хамрагдах журмыг нэвтрүүлэхэд ойртлоо. Уг хуулийн төслийг одоо дээд танхим баталж, Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.

Хууль батлагдвал хоёрдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх бөгөөд Австри улс нь вакциныг албан ёсоор журамласан Европын анхны улс болох юм. Хуулийг зөрчсөн буюу Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгээгүй насанд хүрэгчдэд гуравдугаар сарын дунд үеэс эхлэн 3,600 евро хүртэлх торгууль ноогдуулна гэж заажээ.

Одоогоор Австричуудын 72 хувь нь вирусийн эсрэг вакцинд бүрэн хамрагдаад байна.

Уг хууль нь 2024 оны нэгдүгээр сар хүртэл хүчинтэй байх төлөвтэй байгаа бөгөөд засгийн газар вакцин хийлгээгүй хүмүүсийг вакцин хийлгэхийг дэмжих арга хэмжээнд 1.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Парламентын доод танхимын санал хураалтад эрх баригч баруун төвийн эвсэл болон сөрөг хүчний гурван гол намаас бүрдсэн парламентын гишүүдийн олонх нь буюу 137 нь хуулийн төслийг дэмжиж, 33 нь эсрэг санал өгчээ.

Хэт барууны үзэлтэй Эрх чөлөөний нам уг хуулийн төслийг эсэргүүцсэн бөгөөд намын удирдагч Херберт Кикл энэ бүрэн эрх нь “Австрид тоталитаризмын замыг нээж байна” гэж хэлээд шинэ хуулийг эсэргүүцэж, вакцинжуулалтаас үргэлжлүүлэн татгалзахаа амлав.

Эрх баригчид бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа арван нэгдүгээр сард зарласнаас хойш нийслэл Вена хотод 40,000 гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал тогтмол өрнөж байна.

Жагсаалд вакцины эсрэг тэмцэгчид болон хэт барууны даврагчдын эвсэл оролцож, эрх баригчид сүүлийн долоо хоногуудад эрүүл мэндийн байгууллагууд, вакцинжуулалтын төвүүдийн ажилчдыг хамгаалах зорилгоор эргэн тойронд нь хамгаалалтын бүс байгуулжээ.

Үүнтэй төстэй вакцины журмыг өөр хэд хэдэн оронд, тэр дундаа Грект 60-аас дээш насны хүн бүр заавал вакцин хийлгэх шаардлагыг нэвтрүүлсэн байна.

Хөрш зэргэлдээ Герман улсад канцлер Олаф Шольц тэргүүтэй шинэ засгийн газар ирэх гуравдугаар сард вакцинжуулалтын тухай хуулийн төслийг Бундестагт өргөн барина гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet