ЗАСГИЙН ГАЗАР

“Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталлаа

Гэрэл зургийг
MPA.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт үүрэг болголоо.

Уг журмаар Монгол Улсын 0-18 хүртлэх насны иргэн бүрт хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, бүртгэх, хуримтлалаас мөнгөн хэлбэрээр олгох асуудлыг зохицуулах юм.

Журам хүчин төгөлдөр хэрэгжих эхлэхээс өмнө, 2022 оны нэгдүгээр сарын 01-ний байдлаар Халамжийн нэгдсэн санд бүртгэлтэй буюу хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан 1,2 сая хүүхдийг хуримтлалд шууд хамруулна.   

Коронавируст халдварын цар тахлын нөлөө бүрэн арилаагүй өнөөгийн нөхцөлд бага, дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хүсэлт гаргавал хүүхдийн мөнгөн хуримтлалаас тодорхой хувийг сар бүр бэлнээр авах боломжтой. Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах явцыг иргэдэд чирэгдэл багатай зохион байгуулна. Иргэд ehalamj.mn цахим хуудас, ebarimt гар утасны аппликейшн ашиглан хүсэлтээ гаргана. Цахимаар гаргах боломжгүй бол харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс эсвэл хүүхдийн нэрийн данс байрших арилжааны банкны салбарт хандаж болно.

Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргахдаа дараагийн саруудын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилан гаргаж болно.

Хүүхдийн мөнгөн хуримтлалын тогтолцоонд шилжиж байгаатай холбоотойгоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хүчингүй болголоо.

Товч мэдээ

  • Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан төмөр замын төслийг концессоор хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав.
  • Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгагдсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-үүд” чиглэлийн хурдны зам автозамын төслийн “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөл бүхий концесс олгох төсөл сонгон шалгаруулах шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгав. 2022 оны хоёрдугаар сард багтаан олон улсад нээлттэй тендер зарлахыг үүрэг болголоо.
  • “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах дэвшилтэд технологийн судалгаа, туршилт хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг холбогдох хүмүүст даалгав.
  • Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцийн 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet