ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-д “5G” нэвтрүүлэхтэй холбоотой асуудлаар агаарын тээврийн компаниуд нислэгийн хуваариа өөрчилж байна

“AT&T” болон “Verizon” нар нисэх онгоцны буудлын ойролцоо “5G” нэвтрүүлэхээ түр хойшлуулна гэж мэдэгдсэн ч зарим агаарын тээврийн компаниуд нислэгийн аюулгүй байдлын үүднээс нислэгээ цуцалж, онгоцоо сольсон хэвээр байна.

Холбооны Нисэхийн Захиргаа (FAA) “5G” нь зарим тийрэлтэт онгоцны өндөр хэмжигчид нөлөөлж болзошгүйг анхааруулсан. Энэ нь цаг агаарын таагүй нөхцөлд газардахад гол үүрэг гүйцэтгэдэг байна. Агаарын тээврийн компаниудын мэдээлж байгаагаар анхаарах ёстой загваруудын нэг нь “Boeing 777” гэв.

“Boeing 777” онгоцны дэлхийн хамгийн том оператор Дубайн “Emirates” компани “5G” утасгүй үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байсан нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн АНУ-ын есөн чиглэлд нислэгээ зогсооно гэж өмнө нь мэдэгдсэн. Харин Нью-Йоркийн Жон Кеннедигийн олон улсын нисэх онгоцны буудал, Лос Анжелес, Вашингтон ДС руу хийх нислэгээ үргэлжлүүлнэ.

Японы хоёр томоохон агаарын тээврийн компани “All Nippon Airways” болон “Japan Airlines” “Boeing 777” онгоцны нислэгийг цөөлөхөө мэдэгдэв. Мөн “All Nippon Airways” АНУ-ын зарим нислэгт ашигладаг онгоцыг өөрчлөх эсвэл нислэгүүдээ цуцлах гэж байгаагаа мэдэгджээ.

“Korean Air Lines” АНУ-ын зорчигч болон ачаа тээврийн зургаан нислэгт ашиглаж байсан 777, 747-8 загваруудаа сольж, Тайванийн “China Airlines” зарим нислэгийн хуваарийг өөрчилсөн бол Хонконгийн “Cathay Pacific Airways” шаардлагатай тохиолдолд өөр төрлийн онгоц ашиглана гэж мэдэгдэв.

Мөн “Boeing 777” онгоцоор АНУ-ын дөрвөн чиглэлд үйлчилдэг “Air India” компани лхагва гарагаас эхлэн эдгээр нислэгийг хязгаарлах эсвэл онгоцны төрлийг өөрчлөхөөр болсон байна.

Түүнчлэн “British Airways” компани Лос-Анжелес руу өдөр бүр нислэг үйлддэг “Boeing 777” онгоцоо “Airbus”-ын “A380” онгоцоор солихоор шийдсэн талаар эх сурвалжууд “Reuters” агентлагт ярьжээ.

Агаарын тээврийн компаниуд “5G” дохио нь “777” загварын радио өндөр хэмжигчид саад учруулж болзошгүй гэсэн “Boeing”-ын мэдэгдлийн хариуд арга хэмжээ авч байна гэж тайлбарлав.

“FlightRadar24”-ийн мэдээлснээр өнгөрсөн жил “777” загвараар 210,000 орчим нислэг үйлдсэн бөгөөд АНУ-ын нисэх буудлууд руу нисэх болон буцах нислэгт хамгийн их ашигласан өргөн онгоцнуудын хоёр дугаарт жагссан байна.

“5G” сүлжээний нөлөөнд өртөж болзошгүй гэж анхааруулаад байгаа радио өндөр хэмжигч нь онгоц газарт ойртох үед газрын гадаргаас дээш өндрийг нарийн зааж, автомат буулт хийхэд тусалдаг, түүнчлэн урвуу түлхэлтийг эхлүүлэхээс өмнө тийрэлтэт онгоц газардсан эсэхийг баталгаажуулдаг байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet