ДЭЛХИЙН МЭДЭЭ

Бээжингийн Олимпын үеэр ашиглагдах “My2022” аппликейшн мэдээлэл алдах аюултай гэж шинжээчид анхааруулж байна

Бээжингийн Өвлийн Олимпын наадамд оролцогчдын заавал ашиглах ёстой аппликейшныг хэрэглэгчдийн мэдээлэл алдах эрсдэлтэй гэж шинжээчид анхааруулж байна.

“My2022” аппликейшн нь тамирчид, үзэгчид болон хэвлэл мэдээллийнхэнд зориулсан өдөр тутамд ковидыг хянах зориулалттай байна. Мөн энэхүү аппликейшнаар дуут чат илгээж, файл дамжуулж, олимпын мэдээлэлтэй танилцах боломжтой.

Гэвч кибер аюулгүй байдлын “Citizen Lab” групп энэ аппликейшныг зарим мэдээлэл эсвэл өгөгдлийг код болгон хувиргадаггүй (шифрлэдэггүй) гэж мэдэгджээ. Энэ нь хакерууд өгөгдлийг хялбархан ашиглах боломжтой гэсэн үг байна.

Энэхүү тайлан нь хоёрдугаар сарын дөрвөнд эхлэх гэж буй Олимпд оролцох зочдын технологийн аюулгүй байдлын талаарх сэрэмжлүүлгүүдтэй давхцаж байгаа юм.

Тухайлбал, Бээжингийн Олимпд оролцох хүмүүсийг нөөц утас хэрэглэх, Хятадад байх хугацаандаа шинээр имэйл хаяг үүсгэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Түүнчлэн хэд хэдэн улс тамирчдаа өөрийн ашигладаг үндсэн төхөөрөмжөө гэртээ үлдээхийг захисан гэж мэдээлж байна.

Тайланг гаргасан “Citizen Lab” мөн уг аппликейшнд ​​суулгасан цензур тогтоосон түлхүүр үгсийн жагсаалт болон улс төрийн хувьд “эмзэг” үг хэллэгийг мэдээлэх үүрэгтэй функцийг илрүүлсэн гэж мэдэгджээ.

Шинжээчид эдгээр шинж чанарууд болон аюулгүй байдлын дутагдал нь Хятадын аппликешнуудын хувьд ердийн зүйл боловч хэрэглэгчдэд эрсдэл учруулдаг гэдгийг онцолсон байна.

Одоогоор “хууль бус үгс”-ийн файл идэвхгүй харагдаж байгаа ч энэ нь тодорхойгүй гэв. Жагсаалтад 2442 түлхүүр үгс багтсан бөгөөд ихэвчлэн улс төртэй холбоотой, эсвэл хараалын үг, хууль бус бараа бүтээгдэхүүнтэй холбоотой байна. Ихэнх үгнүүд хялбаршуулсан хятад хэл дээр байсан бол зарим нь төвөд, уйгур, англи хэл дээр байжээ.

Жагсаалтад Хятадын удирдагчид болон төрийн байгууллагуудын нэрс, мөн 1989 онд Тяньаньмэний талбайд ардчиллыг дэмжигчдийг хөнөөсөн хэрэг, Хятадад хориглосон шашны Фалун Гун бүлэглэлийн тухай дурдсан байна.

Наадмын бүх зочин Хятад руу явахаасаа 14 хоногийн өмнө уг аппликейшныг татаж аваад өдөр бүр Ковидын статусаа бүртгэх шаардлагатай бол гадаадын жуулчдын хувьд паспортын мэдээлэл, аялал, өвчний түүх зэрэг Хятадын засгийн газарт аль хэдийн хүргүүлсэн хувийн мэдээллээ бүртгүүлэх шаардлагатай байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet