ДЭЛХИЙН МЭДЭЭ

Израилийн судалгаагаар Ковид-19 вакцины дөрөв дэх тун “Омикрон”-ы эсрэг үр дүн багатай байгааг харуулж байна

Ковидын эсрэг вакцины дөрөв дэх тун нь эсрэг биеийн хэмжээг гурав дахь тунгаас нэмэгдүүлдэг боловч “Омикрон”-ы халдвараас урьдчилан сэргийлэхэд хангалтгүй байгааг Израильд хийсэн урьдчилсан судалгаа харууллаа.

Израилийн Шеба Анагаах Ухааны Төв 120 ажилтандаа “Moderna”, 154 ажилтандаа “Pfizer”-ын хоёр дахь нэмэлт тунг тарьсан бөгөөд 1-2 долоо хоногийн дараа нэмэлт тунгийн үр нөлөөг судалсан байна. “Moderna” бүлгийн хүмүүс өмнө нь “Pfizer”-ын вакциныг гурван удаа хийлгэжээ. Эдгээр хүмүүсийг дөрөв дэх тунгаа хийлгээгүй хяналтын бүлэгтэй харьцуулсан байна.

Тус төвийн Халдварт өвчний тасгийн дарга Гили Регев-Йочай хэлэхдээ вакцины дөрөв дэх тун нь эсрэг биеийн тоог “гурав дахь тунг хийлгэсний дараагаас арай илүү” нэмэгдүүлсэн гэв.

“Гэсэн хэдий ч энэ нь ‘Омикрон’-д хангалтгүй байх магадлалтай. Учир нь ’Омикрон’-оос хамгаалах, халдвар авахгүй байхын тулд шаардлагатай эсрэг биеийн түвшин вакцины хувьд хэт өндөр гэдгийг бид мэдэж авсан” гэж сэтгүүлчдэд хэлэв.

Эмнэлгийн мэдээлснээр энэхүү үр дүн нь урьдчилсан үр дүн бөгөөд хараахан нийтлээгүй байгаа аж.

Израиль нь Ковид-19-ийн эсрэг анхны тунгийн вакцинжуулалтыг хамгийн хурдан хийсэн улс бөгөөд өнгөрсөн сард хамгийн эмзэг, өндөр эрсдэлтэй бүлэгт дөрөв дэх буюу хоёр дахь нэмэлт тунг санал болгож эхэлсэн.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet