ДЭЛХИЙН МЭДЭЭ

Цунамигийн гамшигт нэрвэгдсэн Тонгад аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна

Газар хөдлөлтийн идэвхтэй Номхон далайн галт цагираг дээр байрладаг Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул дэлбэрч, дэлбэрэлтийн улмаас Номхон далайг дамнасан цунамигийн давлагаа үүссэн.

Давлагаа Номхон далайн өмнөд арлуудыг дайрсан бөгөөд галт уул дэлбэрснээс хойш арлуудад харилцаа холбоо тасарсан хэвээр байна. Мөн их хэмжээний хохирол амссан Тонгагийн нисэх онгоцны буудал хаагдсан, харилцаа холбоо тасарсан зэрэг хүндрэлүүд нь олон улсын тусламжийн ажилд саад болж байна.

Мягмар гарагт Шинэ Зеландын Дээд Комиссын мэдээлснээр олон тооны амралтын газрууд байрладаг Тонгатапу гол арлын баруун эрэг, нийслэл Нукуалофагийн эрэг орчим сүйрсэн байна. Мөн Нукуалофагаас баруун тийш 21 км зайд орших Хихифо хойг дахь Хаатафу наран шарлагын газар цунамигийн давлагаанд бүрэн арчигдсан болохыг эзэд нь “Facebook”-ээр мэдэгджээ.

Австралийн Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Зед Сеселжагийн мэдээлснээр Тонгагийн албаныхан цунамид өртсөн гаднах арлуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Мөн галт уулын үнс нурам арлыг бүхэлд нь бүрхсэн бөгөөд Дээд комисс нэн тэргүүнд жижиг арлуудтай харилцаа холбоо тогтоохоор ажиллаж байна гэж нэмж хэлэв.

Их Британийн иргэн, 50 настай Анжела Гловер нохдоо аврах гэж байгаад цунамигийн давлагаанд өртсөн гэж өмнө нь мэдээлж байсан бол хожим нь түүнийг амь үрэгдсэн болохыг зарласан байна.

Одоогоор интернет болон утасны сүлжээ хязгаарлагдмал, далайн эргийн захын бүсүүдтэй холбоогүй хэвээр байгаа учраас гэмтэж бэртсэн, нас барсан тухай албан ёсны мэдээлэл хараахан хийгээгүй байна.

Тонгад нэн тэргүүнд шаардлагатай байгаа зүйл бол хүнс, цэвэр усны хангамж боловч нисэх онгоцны буудал хаагдсанаас болоод хүндрэл үүсжээ. Нисэх онгоцны буудлыг лхагва гарагаас нээж магадгүй байна.

Тонга улсын Австрали дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Кертис Туйхалангиги Ковид-19-өөс ангид тус улсад олон улсын тусламжийн хүргэлтээр ковидын вирусийг авчирч болзошгүй гэж санаа зовж байгаагаа “Reuters” агентлагт илэрхийлжээ.

Улаан загалмайн нийгэмлэгийн Ази Номхон далайн бүсийн захирал Александр Матеу хэлэхдээ үнсний бохирдлыг арилгахын тулд ус цэвэршүүлэх, орон байраар хангах, гэр бүлүүдийг нэгтгэх нь нэн тэргүүний зорилт гэв.

Үүний зэрэгцээ, нам дор орших Хаапай арлуудын бүлэгт ослын дохио илэрсэн учраас Фоной, Манго арлуудад онцгой анхаарал хандуулж байгаа гэж НҮБ-аас мэдэгдэв. Тонга улсын засгийн газрын мэдээлснээр Манго дээр 36, Фонойд 69 хүн амьдардаг байна.

НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газраас цаашид галт уулын идэвхжил үүсэхийг үгүйсгээгүй байна.

Галт уулын дэлбэрэлтийн нөлөө алс холын Фижи, Шинэ Зеланд, АНУ, Япон зэрэг газруудад мэдрэгдсэн. Перугийн хойд хэсэгт орших далайн эрэг дээр цунамигийн улмаас үүссэн хүчтэй давлагаанд хоёр хүн живж амиа алдсан бол Японы албаныхан хэд хэдэн газарт нүүлгэн шилжүүлэлт хийсэн тухай мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet