Израилд парламентын сонгууль болж байна


Израилын Кнессет буюу парламентын 23 дахь удаагийн ээлжит бус сонгууль өнөөдөр орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлжээ.
Тус улсын сонгуулийн хорооноос мэдээлснээр, орон даяар санал авах 10 840 байр ажиллана. Санал авах байруудын ихэнх нь орон нутгийн цагаар 10 цагт хаагдах бол жижиг хотуудад 8:00-20:00 цаг хүртэл санал хураах аж.
Израилын парламентын сонгууль сүүлийн 11 сарын хугацаанд гурав дахь удаагаа болж байгаа юм. Учир нь өнгөрсөн оны дөрөв болон есдүгээр сард болсон сонгуулийн дараа тус улсын улс төрийн хүчнүүдийн нэг нь ч эвслийн Засгийн газар байгуулж чадаагүй байна. 120 суудалтай Кнессетийн сонгуульд энэ удаа улс төрийн 30 орчим нам, эвсэл оролцож байгаа аж.
Сонгуулийн өдөр 18 мянга гаруй цагдаа, хил хамгаалагч, сайн дурын ажилтан сонгогчдын аюулгүй байдлыг хангаж ажиллана гэж Израилын Цагдаагийн газраас мэдээлжээ. Түүнчлэн Иордан голын Баруун эрэг болон Газын зурвасын хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаажээ.

Дэлхийн улс орнуудад коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор Израилын эрх баригчид онцгой арга хэмжээ авсан байна. Сонгууль болохоос хэд хоногийн өмнө гадаадад зорчоод ирсэн Израилын хэд хэдэн иргэнээс коронавирус илэрсний дараа тус улсын эрх баригчид халдвар тархахаас урьдчилсан сэргийлэх үүднээс БНХАУ, Тайландтай агаарын харилцаагаа түр зогсоож, сүүлийн долоо хоногуудад Австрали, Итали, Япон, Тайланд, Хонконг болон Сингапурт зорчсон гадаадын иргэдийг нэвтрэхийг хоригложээ. Мөн эдгээр улсаас буцаж ирсэн Израилын иргэдийг, тэдэнтэй ойр байсан хүмүүсийг 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн байна.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах