ДЭЛХИЙН МЭДЭЭ

Норвегид нум сумаар зэвсэглэн этгээд халдлага үйлдэж, таван хүн амиа алджээ

Норвегийн нийслэл Осло хотын баруун өмнөд хэсэгт орших Конгсберг хотод өнгөрсөн лхагва гарагт орон нутгийн цагаар 18:13 орчимд нэгэн этгээд нум сумтай халдлага үйлдсэнээр таван хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан тухай цагдаагийн байгууллага мэдээлжээ. Уг халдлагыг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн болох 37 настай Дани иргэнийг баривчилсан байна. Цагдаа нар хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзэж байгаа бөгөөд террорист ажиллагаа байсан эсэхийг шалгаж байгаа гэж мэдэгдэв.

Ерөнхий сайд Эрна Солберг энэ явдлын талаар мэдээлэл өгөхдөө “Олон хүмүүс айж байгааг би ойлгож байна, гэхдээ одоо цагдаа нар хяналтандаа авсан гэдгийг онцлох нь чухал юм” гэж хэлэв.

Сэжигтэн хотын хэд хэдэн газарт халдлага үйлдсэн бөгөөд өөр зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй учраас цагдаа нар эдгээр хэсгүүдийг хамгаалалтандаа авсан байна. Эрх баригчид хэргийн газарт үзлэг хийж, нотлох баримт цуглуулахын тулд оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг тушаажээ.

Норвегийн Хууль зүйн сайд Моника Майланд энэ талаар мэдээлэл өгч, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа гэж яамны твиттер хуудсанд бичжээ. Тус улсын Цагдаагийн газар улсын хэмжээнд бүх албан хаагчдад галт зэвсэг авч явахыг онцгойлон анхааруулжээ. Тус улсын цагдаа нар алба үүргээ биелүүлэхдээ ихэвчлэн зэвсэггүй байдаг байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet