Live
УЛС ТӨР

Б.ЖАВХЛАН: Чингэлэг терминалын бүтээн байгуулалт дууссан, ашиглах л үлдээд байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан Гашуунсухайт боомтод үүсээд буй нөхцөл байдалд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариууллаа.

-Нүүрс тээвэрлэлтийн хувьд чухам ямар шийдэлд хүрсэн юм бэ?

-Цагаан хаданд гацаад байгаа 8.2 сая тонн нүүрсийг хятад худалдаачин авчихсан, экспортлоход бэлэн болоод байгаа. Гэтэл хил дээр авааччихаад гаргаж чадахгүй асуудал үүсээд байгаа. Энэ бол санаа зовоож буй асуудал. Мэдээж урд хөршид эрэллт, хэрэгцээ байгаа. Уг нүүрсийг юун түрүүнд хурдхан гаргаж өгөх хүсэлт тавиад байгаа. Үүний тулд бид чингэлэг терминал гэх томоохон бүтээн байгуулалтыг хийсэн. Энэ терминал БНХАУ-ын талаас тавьж буй халдвар хамгааллын дэглэм, шаардлагыг бүрэн хангасан. Уг терминалыг ашиглаад юун түрүүнд худалдаалчихсан нүүрсээ гаргаж өгөх нь хамгийн чухал. Манай улсаас илүү Хятадын талын шаардлагыг хангасан чингэлэг терминалыг Шивээхүрэн болон бусад боомтуудад барих нь мөн чухал байна. Энэ тухайд хоёр тал тохиролцсон. Дээд хэмжээнд ярилцсан учир дунд, доод шатанд уг асуудлыг шийдэх ажил үлдээд байгаа.

-Чингэлэг терминал ашиглалтад ороогүй байгаа шүү дээ.

-Тийм. Чингэлэг терминалын бүтээн байгуулалтын ажил дууссан. Одоо уг терминалын хэрэгцээг л гаргах хэрэгтэй байна. Хил дамнуулан гаргаж буй худалдаа, ложистикын асуудал бол зөвхөн нэг тал бус хоёр талын харилцан тохиролцсоны үндсэнд нэгдсэн нэг горимд ордог. Иймд бид БНХАУ-ын талын хариуг хүлээж байгаа.

-Цагаан хадан дээр гацсан 8.2 сая тонн нүүрсийг ойрын хугацаанд гаргана гэлээ. Он дуусахад гурван сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. 2021 онд экспортлох нүүрсний хэмжээнд хүрч чадах уу гэдэг асуудал байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Эхний ээлжинд бид айлын талынхудалдаж авсан нүүрсийг гаргаж өгөх ёстой. Энэ бол шударга ёс. Тэгэхгүйгээр зарчихсан нүүрсээ гаргаж өгөөгүй байж араас нь дахин нүүрс гаргана гээд овоолоод байж болохгүй. Хэдийгээр тооцоолсон хэмжээнд хүрч чадахгүй байх нь эдийн засагт том цохилт өгөх ч гэлээ гадаад харилцаагаа харилцан хүндэтгэх ёстой. Иймд эхний ээлжинд уг 8.2 сая тонн нүүрсийг гаргаж өгөхөөс өөр аргагүй. Энэ жилийн нүүрсний экспортын төлөвлөгөөнд томоохон цохилт авна. Энэ бол бидний нүүр тулах хүндрэл болоод байна.

-Төмөр замын огтлолын цэг талуудын алинд нь байх вэ. Урьдчилсан тохиролцоонд хүрсэн үү?

-Хилийн солбилцлын цэгийн асуудлыг бид олон жил ярилцсан. Нарийн цариг оруулж ирээд өргөн царигаа хил дээр тулгаж тавина. Ингээд ачаагаа шилжүүлээд цааш нь явуулдаг байх талаар тохиролцсон. Үүний дагуу Хятадын талын төмөр зам Гашуунсухайт дээр ирсэн. Үүний дагуу манай төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх жилийн долдугаар сард бүрэн дуусна. Ингээд нарийн цариг өргөн царигтай огтлолцсоноор хилийн солбилцол дээр монголын талд ачиж, шилжүүлэх терминал байгуулагдана гэсэн үг.

-Коронавирусийн халдвараас болоод тээврийн жолооч нарыг нэвтрүүлэхгүй байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? -Гашуунсухайтад халдваргүйжүүлэлт сайн хийж, аль болох ногоон бүс байлгах нь чухал байна. Халдварын тархалтыг бууруулах зэрэг бүхий л арга хэмжээг авч байгаа. Гэхдээ 100 хувь ногоон бүс байлгах бодит боломж байхгүй юм байна. Тийм учраас аль болох чингэлэг терминал эсвэл хятадын талаас санал болгож буй алсын удирдлагатай робот тээврийн хэрэгслээр чингэлэгтэй нүүрс солилцох гэх зэрэг шийдэл бий. Энэ мэт шийдлүүд рүү шилжилт хийх ёстой. Чингэлэг терминал багагүй үр дүн өгнө гэдэгт найдаж байгаа. Үүнийг ашиглах л үлдээд байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet