ДЭЛХИЙН МЭДЭЭ

Африкийн хүүхдүүдэд хумхаа өвчний эсрэг вакцин хийсэн нь амжилттай болжээ

Африкийн ихэнх оронд хүүхдүүдийг хумхаа өвчний эсрэг вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн нь үхлийн аюултай өвчинтэй тэмцэх түүхэн мөч болж байна.

Хумхаа өвчин нь олон мянган жилийн турш хүн төрөлхтний хамгийн том гамшгийн нэг байсаар ирсэн бөгөөд ихэвчлэн нялх, нярай хүүхдүүд өртдөг байна. Эрдэмтэд 100 гаруй жилийн турш хумхаа өвчний эсрэг вакцин дээр ажилласны эцэст зургаан жилийн өмнө “RTS, S” гэх хумхаа өвчний вакцин үр дүнтэй болохыг баталжээ.

Гана, Кени, Малави улсад туршилтын дархлаажуулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжсэний дараа ДЭМБ Сахарын цөлийн өмнөд хэсэгт болон хумхаа өвчний дунд болон өндөр халдвартай бусад бүс нутагт вакцинжуулалт хийх ёстой гэж мэдэгдсэн байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал, доктор Тедрос Адханом Гебрейюс хэлэхдээ “Удаан хугацааны турш хүлээлгэсэн хүүхдэд зориулсан хумхаа өвчний эсрэг вакцин нь шинжлэх ухаан, хүүхдийн эрүүл мэнд, хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд дэвшил авчирлаа. Бид вакцины тусламжтайгаар жил бүр олон арван мянган хүүхдийн ​​амийг аварч чадна” гэжээ.

Хумхаа бол цусны эсэд халдварладаг шимэгч хорхой бөгөөд цус сорогч шумуулаар дамждаг. Шимэгчийг устгах эм, шумуулны  тор, шавьж устгах бодис зэрэг нь хумхаа өвчнийг бууруулахад түлхэц үзүүлсэн. Гэвч өвчний хамгийн том дэгдэлт болдог Африк тивд 2019 онд 260,000 гаруй хүүхэд уг өвчнөөр нас баржээ.

Хумхаа өвчний 100 гаруй төрлийн үүсгэгч байдгаас Африкт хамгийн их үхэлд хүргэдэг нь “Plasmodium falciparum” үүсгэгч бөгөөд “RTS, S” вакцины гол бай нь уг үүсгэгч юм. Хүүхдэд тав, зургаа, долоо болон 18 сартайд нь гээд нийт дөрвөн тун тарьснаар вакцин үр дүнтэй болдог байна.  2015 онд хийсэн туршилтаар тус вакцин хумхаа өвчний 10 тохиолдол тутамд дөрөв, хүнд хэлбэрийн 10 тохиолдол тутамд гурваас нь урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд цус сэлбэх шаардлагатай хүүхдийн тоо гурав дахин буурсан болохыг харуулсан байна.

“GSK” компанийн боловсруулсан вакцин нь хумхаа өвчнөөс ердөө 40 хувийн үр дүнтэй сэргийлэх хэдий ч одоогийн байдлаар хамгийн оновчтой, эдийн засгийн хувьд үр ашигтай сонголт юм.

ДЭМБ-ын Дэлхийн хумхаа өвчний хөтөлбөрийн захирал доктор Педро Алонсо “Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл энэ бол асар том нээлт, нийгмийн эрүүл мэндийн үүднээс авч үзвэл энэ бол түүхэн амжилт юм” гэж вакциныг онцолжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet