ДЭЛХИЙН МЭДЭЭ

Францын Католик Сүмийн номлогч нар 216,000 хүүхэд хүчирхийлжээ

1950 оноос хойш Францын Католик Сүмүүдэд гарсан бэлгийн хүчирхийллийн хэргүүдийн тайланг даваа гарагт нийтэд танилцуулжээ. Тайланд дурдсанаар сүмүүдэд дор хаяж 2,900-3,200 хүчирхийлэгч байсан бөгөөд номлогч нар 216,000 орчим хүүхэд, ихэвчлэн хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэв.

Шалгалтын явцад Католик шашны сургуулийн багш нар зэрэг сүмийн энгийн ажилчдын хүчирхийллийн хэргүүдийг оролцуулбал Францад хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 330,000-д хүрч магадгүй болохыг хэлжээ.

Энэхүү мөрдөн байцаалтыг Францын Католик Сүмийн захиалгаар хийсэн бөгөөд шүүх, цагдаа, сүмүүдийн бүртгэлийг судалж, хохирогч, гэрчүүдтэй ярилцахад хоёр жил хагасыг зарцуулсан байна.

Ойролцоогоор 2,500 хуудастай энэхүү тайланд хохирогчдын дийлэнх нь хөвгүүд байсан бөгөөд тэдний ихэнх нь 10-13 насныхан байсныг дурдав. Түүнчлэн комисс нийт 115,000 санваартанг шалгаж, үүнээс 3,200 орчим хүчирхийлэгчдийн нотлох баримтыг олж илрүүлсэн боловч энэ тоо их байх магадлалтай гэж мэдэгджээ.

Сүмийн захиргаа хүчирхийллээс урьдчилан сэргийлж чадаагүй төдийгүй энэ тухай мэдсэн ч мэдээлээгүй бөгөөд зарим тохиолдолд мэдсээр байж хүүхдүүдийг хүчирхийлэгчтэй холбодог байсан гэж комиссын дарга Сауве хэлэв.

Францын хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир шалгалтаар тогтоогдсон ихэнх хэрэгтнүүдэд ял онооход хэт оройтсон байна. Харин ноён Сауве хохирогчдод нөхөн төлбөр олгохыг сүмүүдэд уриалжээ.

Энэ оны эхээр Ромын Пап лам Францис Ромын Католик Сүмийн хуулиудыг өөрчилж бэлгийн хүчирхийллийг илт гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хуулийн 40 орчим жилийн хугацаанд хийсэн хамгийн том шинэчлэлийг хийсэн юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet