Live
НИЙГЭМ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР: 133.7 мянган юань буюу 58.9 сая төгрөгтэй тэнцэх валютыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан

Гаалийн ерөнхий газраас гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээллээ.

Энэ үеэр Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын, Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар “Гаалийн байгууллагын хэмжээнд 2021 оны эхний есөн сарын байдлаар нийт 776 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлд заасан журмын дагуу нийт 739 зөрчил илрүүлж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 6.7.1 дэх хэсэгт заасны дагуу 30 зөрчилд хэрэг бүртгэлтийн хэрэг нээлээ. Мөн энэ хүрээнд илрүүлсэн нийт долоон зөрчлийг харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн.

Гаалийн байгууллагын хэмжээнд жилд дунджаар 2,500-4,000 гэмт хэрэг зөрчил илэрч, 10 орчим тэрбум төгрөгийн торгууль, шийтгэл ногдуулдаг. Цар тахлын улмаас УОК-ын баталсан журмын дагуу хяналт шалгалтыг хязгаарласнаар зөрчил илрүүлэлт өмнөх жилүүдийнхээс буурсан.

Дээр дурдсан 776 удаагийн зөрчилд нийт 2.1 тэрбум төгрөгийн төлбөр нөхөн төлүүлж, 1.2 тэрбум төгрөгийн торгууль шийтгэл ноогдуулсан. Зөрчлийн улмаас 37.9 сая төгрөгийн үнэ бүхий барааг улсын орлого болгохоор түр саатуулж, 56.8 сая төгрөгийн үнэ бүхий барааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнд түр хураасан. Эдгээр үйл ажиллагааны нийт үзүүлэлт 3.4 тэрбум төгрөг болж байна.

Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны эхний есөн сарын байдлаар гаалийн байгууллагын илрүүлж шийдвэрлэсэн зарим онцлох зөрчлөөс дурдвал, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр олон улсын байгууллага ФАТФ-аас өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу гаалийн байгууллагын системийн хэмжээнд 2021 оны эхний хагас жилийн байдлаар нийт 2407 зорчигчийн 7.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний бэлэн мөнгөний гаалийн мэдүүлэг бүртгэгдсэн.

Үүнээс улсын хилээр гаргах чиглэлд 1,312 мэдүүлэг, нийт 6.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, улсын хилээр оруулах чиглэлд 1095 мэдүүлгээр 842.4 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютын мэдүүлэг бүртгэгдсэн.

Эдгээрээс улсын хилээр гарах чиглэлд 133.7 мянган юань буюу 58.9 сая төгрөгтэй тэнцэх валютыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, зөрчилд холбогдсон валютыг улсын орлого болгон хураан авч 8.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Үүнтэй холбоотойгоор сэрэмжлүүлэхэд, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15.1-т зааснаар улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч 15 сая төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний эсвэл түүнээс дээш гадаад валютыг биедээ авч явж байгаа тохиолдолд энэ тухай гаалийн мэдүүлэг заавал бичих үүрэгтэй. Хилээр нэвтэрч байгаа зарим зорчигч тээврийн хэрэгслийн жолооч нар хуулийн энэ заалтыг мэдэхгүйгээс зөрчилд холбогдож бэлэн мөгнөө хураалгах, торгуулах хандлага буурахгүй байна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet