ДЭЛХИЙН МЭДЭЭ

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози сонгуулийн кампанит ажлыг хууль бусаар санхүүжүүлсэн хэргээр ял сонсжээ

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози 2012 оны сонгуулийн кампанит ажлыг хууль бусаар санхүүжүүлсэн хэргээр пүрэв гарагт нэг жилийн хорих ял сонслоо. Энэ бол Саркозитай холбоотой хоёр дахь эрүүгийн хэрэг юм. Гуравдугаар сард авлига, мөнгө наймаалах гэмт хэрэг үйлдсэн хэргээр түүнд гурван жилийн хорих ял оноож, хоёр жилийг нь тэнсэн харгалзах ялаар сольсон. Өдгөө 66 настай тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан байна.

Саркози нэг жилийн ялаа торны цаана өнгөрүүлэх магадлал бага байна. Учир нь шүүгч түүнийг гэртээ электрон бугуйвч зүүж ял эдлэх боломжтой гэжээ. Мөн түүнтэй хамт яллагдагчаар татагдсан 13 хүн бүгд гэм буруутай нь тогтоогдсон байна.

Ямартай ч Саркозигийн өмгөөлөгч Тьерри Херцог давж заалдах гомдол гаргана гэдгээ Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярьжээ.

Анх 2014 оны гуравдугаар сараас “Бигмалионын хэрэг” гэж нэрлэгдэж байсан хэргийн мөрдөн байцаалтын явц эхэлж, Саркозигийн кампанит ажлын үеэр хуурамч падаан ашиглан 54 сая гаруй доллар зарцуулсан нь Францын сонгуулийн хуулиар тогтоосон 24 сая долларын хязгаараас давсан болохыг тогтоосон юм.

Саркози шүүх хурлыг явуулахгүйн тулд хууль ёсны урт хугацааны тэмцэл хийсэн боловч түүний давж заалдах хүсэлтийг 2018 оны сүүлчээр хүлээж аваагүй бөгөөд шүүгдэгчийн гол өмгөөлөгч Ковид-19-ийн улмаас эмнэлэгт хэвтсэн учраас хоёр сар хойшилж шүүх хурал 2021 оны тавдугаар сарын 20-нд нээгдсэн юм.

Үүний зэрэгцээ, Францын прокурорууд Ливи улсаас сонгуулийн кампанит ажлыг хууль бусаар санхүүжүүлсэн гэж үзэж байгаа тул Саркозигийн хууль ёсны асуудал дуусах болоогүй байна. Ливийн удирдагч асан, талийгаач Моаммар Каддафи 2007 онд Саркозигийн кампанит ажилд зориулж Парис руу олон сая евротой цүнх илгээсэн гэдэг.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet