ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хойд Солонгосын удирдагчийн дүү Ким Ё Жон үндэсний эрх баригч байгууллагад тушаал дэвшжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жоныг үндэсний шийдвэр гаргах дээд байгууллагад тушаал дэвшүүлсэн тухай тус улсын хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлжээ. Умард Солонгосын төрийн мэдлийн “KCNA” мэдээллийн агентлагт нийтлэгдсэн энэхүү мэдэгдэлд Ким Ё Жон одоо ахынхаа удирддаг тус улсын эрх баригч байгууллага болох Төрийн асуудал эрхэлсэн комисс (SAC)-ын гишүүнээр ажиллаж байгаа гэж мэдэгдсэн байна.

Ким Ё Жон аль хэдийн улс төрийн хамгийн чухал зүтгэлтнүүдийн нэг байсан бөгөөд ахынхаа гол зөвлөх байсан боловч “SAC”-ын суудал нь түүний хашиж байсан албан ёсны хамгийн өндөр албан тушаал юм.

Түүнээс гадна өөр долоон эрэгтэйг “SAC”-д тушаал дэвшүүлжээ. Өмнөх есөн гишүүн тэтгэвэртээ гарч, эсвэл албан тушаал буурсан байна. Умард Солонгосын зэвсгийн хөтөлбөрийн удирдагч, Ким Жон Уны удирдлага дор цэргийн дээд командлагч байсан Ри Пён Чол цол хэргэм буурч, түүний оронд тус улсын зэвсэг бүтээх ажлыг хянаж байсан цэргийн генерал Пак Жон Чон томилогдсон байна.

Пак Жон Чон энэ долоо хоногийн эхээр Умардын мэдэгдсэн хамгийн анхны хэт авиан пуужингийн туршилтыг удирдан явуулсан бөгөөд шинжээчдийн хэлснээр цөмийн цэнэгт хошуугаар тоноглож болдог уг пуужин дэлхийн хамгийн хурдан, байгаа хамгийн сайн онодог зэвсгийн нэг болох боломжтой юм.

Ким Ё Жон шийдвэр гаргагчдын комиссод дэвшсэн явдал нь Умард Солонгосын удирдлага дахь түүний үүргийг албан ёсоор баталгаажуулж байна. Түүнийг Ким Жон Уны хамгийн хүчирхэг, итгэмжлэгдсэн хүмүүсийн нэг гэж үздэг бөгөөд өнгөрсөн жил Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба түүнийг тус улсын командлалын хоёрдугаарх хүн гэж тодорхойлсон боловч албан ёсны статус нь үргэлж тодорхойгүй байсаар ирсэн юм.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet