COVID-19

“Pfizer”, “BioNTech” вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх хүсэлт гаргана

“Pfizer”, “BioNTech” компани “COVID-19”-ийн вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэх хүсэлтийг АНУ-ын Засгийн газарт албан ёсоор гаргана гэдгээ мягмар гарагт мэдэгдэв.

Эдгээр компани АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт /FDA/ вакцины  эмнэлзүйн туршилтын талаарх мэдээллээ өнгөрсөн долоо хоногт хүргүүлжээ.

Энэхүү туршилтад 5-11 насны 2268 хүүхдийг хамруулж, вакцин аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосон байна.

Одоогийн байдлаар Хүнс, эмийн чанарын хяналтын газар уг вакциныг 12-15 насныханд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа бол 16-гаас дээш насныханд хэрэглэх зөвшөөрлийг эцэслэн батлаад байгаа юм.

Тус байгууллага вакциныг бага насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг ойрын хугацаанд баталбал энэ намар халдварын тохиолдлууд эрс нэмэгдэхээс сэргийлэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Америкийн Хүүхдийн өвчин судлалын холбооноос мэдээлснээр, энэ сард хүүхдүүд коронавирусээр халдварласан тохиолдлын тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.

Хүүхдүүд “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэл бага байгаа ч бусдад дамжуулна гэдгийг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд сануулж байна.  

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet