НИЙГЭМ

ҮНЭ ХАНШ: Гурилын үнэ өсөөгүй байхад гурилан бүтээгдэхүүний үнэ өсчихсөн

Гэрэл зургийг MPA.mn

Хүнсний ногоо, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш хэр байгаа талаар сурвалжлахаар Баянзүрх захыг зорив. Тус захад хүний хөл татарч, эл хуль байснаа бодвол үйлчлүүлэгчид нэмэгджээ. Энэ талаар худалдаачид “Нэг үеэ бодвол хүмүүсийн худалдан авалт сайжирч, орлого ч нэмэгдээд байна” хэмээн ярина.  Юун түрүүнд иргэдийн гол хэрэглээ болох талхны үнэ хэдтэй байгааг асуухаар нэгэн лангуун дээр очтол худалдагч эмэгтэй “Атар” талх 1,500, “Мишээл” 2,100 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Гэрэл зургийг Т.Мөнх-Учрал/MPA.mn

Аль есдүгээр сарын 1-нээс үнэ нь өссөн. Яагаад гэдгийг мэдэхгүй ч үйлдвэрээсээ 1,400 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Үйлдвэрийн үнэ дээр нь бид 100 төгрөг нэмж л зарж байгаа. Ашгаа харах хэрэгтэй шүү дээ. “Мишээл” талх ч ялгаа байхгүй есдүгээр сарын 1-нээс үйлдвэрийн үнэ нь 2,000 төгрөг болсон. “Талх чихэр” компани үнээ нэмсэн болохоос бид нэмнэ гэж байхгүй шүү дээ. Гурилан боов аль долдугаар сард, шатахууны үнэ өсөх үеэр нэмэгдсэн” гэв. Лангуун дээр байх гурилан боовны үнэ ханшийг харвал хамгийн ихдээ 5,400 төгрөг байх аж. Гурилан бүтээгдэхүүний үнэ ийн өссөн нь шатахууны үнэ нэмэгдсэнтэй ххолбоотой хэмээн иргэд хардаж буй. Энэ тухайд тус захад худалдан авалт хийж явсан, Баянзүрх дүүргийн VI хорооны оршин суугч Г.Д “Шатахууны үнэ нэмэгдсэний дараа бүх л бараа бүтээгдэхүүн өссөн. Ямар сайндаа л түргэн үйлчилгээний цэгүүдэд худалдаалагдаж буй 1.5 литрийн “Bonaqua” ус 2,000 төгрөг байх вэ. 1,800 төгрөг байж байгаад шатахуун хомсдох үеэр дахиад өссөн байна лээ. Шатахуун хомсдох үеэр талхны үнэ бас л дахин нэмэгдсэн. Ер нь бүх л юмны үнэ өсчихөөд байна шүү дээ. Шатахууны үнэ яах вэ, нэг нэмэгдсэн бол тэр ханшин дээрээ удаан тогтоно. Эсвэл буурч ч болно. Харин шатахууны үнэ өсөх үеэр үнэ нь нэмэгдсэн бараа бүтээгдэхүүнүүдийн ханш дахин буурахгүй шүү дээ. Тэр л их сонирхолтой, хэцүү юм” хэмээн ярив.

“Гурилны үнэ өсөөгүй байхад гурилан бүтээгдэхүүний үнэ өсчихсөн”

Өөр нэгэн худалдан авагч “Гурилны үнэ өсөөгүй байхад гурилан бүтээгдэхүүий үнэ өсчихсөн. Их сонин. Яахаараа тэгдэг байна вэ” гэв. Гурилны үнэ хэдтэй байгааг асуухаар тус захын B1 давхар руу очлоо. Гурил, будааны лангуу ажиллуулж буй худалдагч “Гурилны үнэ огтхон ч нэмэгдээгүй. Харин будаа импортоор ирж буй учир үнэ нь бага зэрэг нэмэгдсэн. Нэг хэсэг гааль татваргүй байлаа. Тэр үед будааны үнэ хямд байсан. Одоо гааль татвар нэмэгдсэн, дээр нь ачаа тээвэр сааталтай байгаагийн улмаас үнэ нь нэмэгдэх нь аргагүй. Харин гурилны үнэ огт нэмэгдээгүй. Гэвч үйлдвэрээс тухайн бүтээгдэхүүнд 500 төгрөг нэмчихвэл бид авахгүй гээд яах билээ. Өөр аргагүй шүү дээ” гэв. Баянзүрх захад гурил, будааны үнэ дараах ханштай байна.

Будаа: Орос будаа-2,500

Шинэ ургац- 3,000

Солонгос сортын будаа-4,000

Гурил: Улаанбуудай 25кг нь 31,000-31,500

 Алтантариа 25кг нь 31,500

Гэрэл зургийг Т.Мөнх-Учрал/MPA.mn

“Төмсний үнэ хоёр хоногийн өмнөөс 800 төгрөг болж, хөдөөнөөс орж ирэхээ больсон”

Харин хүнсний ногооноос иргэдийн голчлон хэрэглэдэг төмс, луувангийн үнэ цаашид өсөх талаар худалдаачид хэлэв. Учир нь энэ зун бороо хур их орсон учир ургац муу байсантай холбоотой гэнэ. Энэ талаар хүнсний ногооны худалдаачин Б.Г “Монгол төмс нэг килограмм нь 800 төгрөг. Энэ жил бороо их орсон учир төмс, лууван ургаагүй. Хоёр хоногийн өмнөөс төмс килограмм нь 800 төгрөг болж, хөдөөнөөс орж ирэхээ байсан. Цас ороод, хүйтрэхээр үнэ нь улам л нэмэгдэнэ.  Ирэх долоо хоногоос 1,000 төгрөг болохыг үгүйсгэхгүй. Одоогоос хоёр сар орчмын дараа Хятадаас хүнсний ногоо орж ирэх байх. Хятадаас оруулж ирэх төмс тээврийн хөлснөөсөө хамаараад бүр л үнэтэй болно шүү дээ. Лууван нэг килограмм нь 2,500 төгрөгөөр зарагдаж байна. Өнгөрсөн жил лууван 5,000 төгрөг болж байсан. Энэ жил ч бас нэмэгдээд 5,000 болох байх” гэв. Тус захад төмс нэг килогрмм 700-800, лууван 2,000-2,500 төгрөгийн ханштай байна. Харин шар манжин 2,500, монгол сонгино 2,500, орос сонгино нэг килограмм нь 4,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

Гэрэл зургийг Т.Мөнх-Учрал/MPA.mn

“Иргэд махны үнэ хямд байхад авдаггүй хэр нь өссөн үед нь шуурчихдаг”

Харин мах хониных нь ястай бол нэг килограмм нь 10,500-9,500, цул нь 11,000-12,000 төгрөг, үхэрний мах ястай нь 11,800, ясгүй нь 12,000-13,000 төгрөг, адууны мах нэг килограмм нь 11,000 төгрөгийн үнэтэй байна. Махны лангууны худалдагч “Ойрын үед махны үнэ буураад байна. Гэхдээ эргээд өсөж магадгүй. Өвлийн улирал болох гэж байгаа учир хөдөөнөөс мах орж ирэхээ больж, нийлүүлэлт багасна. Хүмүүс их сонин шүү дээ. Махны үнэ буурчихаад байхад авдаггүй хэр нь, өссөн үед нь мах дуусах гэж буй мэт шуураад эхэлдэг. Хямд байхад нь огт авахгүй шүү дээ” хэмээн ярив.

“Өрийн дэвтэрт бичигдсэн барааны үнэ бараг 3.0 сая төгрөг болоод байна”

Баянзүрх захад хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүний үнэ ийм байна. Харин хүнсний дэлгүүрүүдэд хэдтэй байгааг сурвалжлахаар Дунд дарь эхийг зорилоо. Дунд дарь эхийн замаар дээш өгсөх үед замын зүүн талд цэнхэр хаалгатай зургаан нэрийн дэлгүүр байв. Тус дэлгүүрийн худалдагчаас бараа бүтээгдэхүүнээ хэдээр зарж буйг асуухад “Мишээл, Атар талх 200 төгрөгөөр нэмэгдсэн. “Стимо”-гийн гурилан боовны үнэ улам их нэмэгдсэн. “Өгөөж”-ийн жимстэй боов 4,300 төгрөгөөр ирж байгаа. Бид 20 хувь нэмж зарах ёстой ч иргэдээ бодоод 20 гаруй хувиар л нэмээд 4,800 төгрөгөөр зарж байна. Хүмүүсийн худалдан авалт хүүхдийн мөнгө, тэтгэвэр хоёр буусан үед л сайжирдаг. Бусад үед борлуулалт, орлого муу байдаг. Зарим тэтгэврээ дуусах үеэр өрийн дэвтэрт бичүүлээд талх, төмс зэрэг хүнсний бүтээгдэхүүнээ авдаг юм. Одоо эгчийнх нь өрийн дэвтэрт бичигдсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүн бараг 3.0 сая төгрөг болоод байна” гэв.

Гэрэл зургийг Т.Мөнх-Учрал/MPA.mn

Биднийг ийн ярих зуур 50 эргэм насны эмэгтэй лангуун дээрээс “Атар” талх авах зуураа ярианд оролцон “Гурилан боов гэхээр үнэтэй болчихсон. Хүүхдүүдэдээ байнгын талх өгөөд байх хэцүү. Заримдаа масло, вариень авч өгөх гэхээр үнэ нь нэмэгдчихсэн. Их хэцүү. Таван килограмм гурилыг 7,500 төгрөгөөр авч байна шүү дээ. Будаа л гэхэд хамгийн багадаа 2,500 төгрөгийн үнэтэй байна. Би тэтгэврийн 350 мянган төгрөг авдаг. Хэрэглээнд хүрэлцэхгүй болохоор энэ дэлгүүрийн худалдагчаас зээлж авдаг юм. Түүнд өрийн дэвтэр зөндөө бий. Тэтгэврийн мөнгөнөөсөө 150 мянгыг дараагийн хэрэглээнд хүргэхийн тулд хадгалж үлдээгээд, үлдсэн 200 мянгад нь мах, гурил, хүнсний ногоо, гурилан боов гээд бүх зүйлээ авч байна. Заримдаа хүүхдүүддээ өндөг авч өгөхийг мэдээж хүснэ шүү дээ. Гэтэл өндөгний үнэ нэмэгдээд 400-480 төгрөг болчихсон” хэмээн арга мухардсан аятай ярилаа. Тэр ам бүл долуулаа амьдардаг гэнэ. Энэ мэт иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ 100-300 төгрөгөөр нэмэгджээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet