COVID-19

Япон улс коронавирустай холбоотой онцгой байдлаа цуцална

Японы засгийн газар халдварын явц удааширч байгаа учраас эдийн засгаа сэргээх зорилгоор коронавирусийн онц байдлыг энэ долоо хоногт дуусгана гэж Мягмар гарагт мэдэгдэв.

Ерөнхий сайд Ёшихидэ Суга “Вирус байгаа хэдий ч өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлэхийн тулд вирусийн хязгаарлалтыг аажмаар зөөлрүүлнэ. Гэхдээ вирус дахин сэргэвэл бэлтгэлтэй байхын тулд түр зуурын Ковид-19-ийн эмчилгээний байгууламжийн тоог нэмж, вакцинжуулалтыг үргэлжлүүлнэ” гэжээ. Мөн вакцины паспорт, вирусийн шинжилгээтэй холбоотой бусад асуудалд Засгийн газрын албан тушаалтнууд төлөвлөгөө боловсруулж байгаа гэв.

Дөрөвдүгээр сард зарласан Японы онц байдлын дэглэмийг удаа дараа сунгаж, өргөтгөсөн. Энэхүү арга хэмжээнд олон нийт туйлдаж, бухимдаж байсан ч Япон улс хатуу хязгаарлалтаас зайлсхийж чадсан юм.

Онцгой байдлын хүрээнд голчлон ресторан, баарны цагийг богиносгож, архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх шаардлага тавьж байсан. Токио, Осака, Хёго, Киото мужийн захирагчид вирусийн нөхцөл байдлыг харгалзан эдгээр хүсэлтийг хэвээр үлдээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Харин одоогийн байдлаар үйл ажиллагаагаа эрт хааж байгаа хоолны газрууд болон бусад худалдааны байгууллагууд аажмаар хэвийн цагийн горимдоо эргэж орох юм.

Өдөр бүр мэдээлдэг тохиолдол улсын хэмжээнд 2,000 орчим болж буурсан байна. Мэргэжилтнүүд энэ тоо буурч байгааг хүн амын 58 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан, мөн эмнэлгийн хүртээмжгүй тогтолцооноос шалтгаалж хүмүүс нийгмээс зай барих хүчин чармайлтаа нэмэгдүүлж байгаатай холбон тайлбарлаж байна.

Түүнчлэн вакцинжуулалтын сайд Таро Коно, энэ оны эцэс гэхэд эмнэлгийн ажилтнууд, ирэх оны эхээр өндөр настнуудад нэмэлт вакцин хийх бэлтгэл ажлыг эхлүүлсэн гэж мэдэгдлээ.

Япон улсад нийт 1.69 сая орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, 17,500 хүн Ковид-19-ын улмаас нас баржээ.

Эх сурвалж: AP

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet