Live
УЛС ТӨР

АН: Эв нэгдлийн их хурлаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарын нэгийг санал хураалтаар тодруулж, намын дарга болгоно

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын эв нэгдлийн Их хурлыг товлон хуралдуулахаар болсон талаар өнөөдөр (2021.09.27) АН-ын гишүүд мэдээллээ.

Энэ үеэр Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өөрийн тэмдгээ Ардчилсан намын туганд зүүж “Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн сүүлийн жил гаруйн хугацаанд хүлээж байсан чухал үйл явдал өнөөдөр болж байна. 2009 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч Ардчилсан намын түүхэн гавьяаг үнэлэх зорилгоор Монгол Улсын Баатар цолыг надад өгсөн. Гэхдээ энэ цолыг надад биш Ардчилсан намын үе үеийн дэмжигч, гишүүдэд олгосон цол юм. Харин өнөөдөр Ардчилсан намын хоёр тал нэгдэж буй түүхэн үйл явдал тохиож байгаа учир цол тэмдгээ намынхаа туганд буюу эзэнд нь өгч байна. Шинэ үеийн залуу удирдагч нартаа сайн сайхныг хүсэж, Ардчилсан намыг 2024 онд ялалтад хүргээрэй гэж хэлье. Үүнийг ард түмэн хүлээж байгаа” гэв.  

Мөн Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарт хандаж намдаа ирээчээ гэж уриалж байна. Ардчилсан намаа бүрэн бүтэн байлгахын тулд эргэж ир гэж уриалмаар байна” хэмээн ярив.

Ардчилсан намын удирдлага, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл

“Аливаа бүхэн цагтай. АН-ын уналт, доройтол, ялагдалд цэг тавихад томоохон алхам хийхээр энд цуглаад байна. АН-ын хувьд амаргүй цаг үеийг туулаад өнгөрч байна. АН-ыг хэн нэгэн байгуулсан юм биш. Монголчуудын эрх чөлөөний хүсэл зоригоор байгуулагдсан нам учраас заавал эргэн сэргэх ёстой.

Бид арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын эв нэгдлийн Их хурлыг хийхээр шийдлээ. Өмнө нь цаасан болон цахимаар АН-ын хоёр дарга сонгогдсон. Иймд Их хурлаар хоёр даргын нэгийг санал хураалтаар тодруулж, намын дарга болгохоор боллоо.  Манай намын дотоод асуудал улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал учир бид тал талдаа буулт хийж, ойлголцож ажиллана” гэв.

Ардчилсан намын удирдлага М.Тулгат

“Өнөөдрийн Монгол Улсад үүсээд байгаа нийгэм эдийн засгийн ялзарсан байдалд сөрөг хүчний дуу хоолой хэрэгтэй байна. Сөрөг хүчний дуу хоолой гэдэг нь талбай дээр лайв хийдэг гудамжны улстөрийг хэлэхгүй. АН бодлогын хүрээнд, улстөрийн соёлтой үйл ажиллагаа явуулж эхлэх цаг нь болсон. Иймд бид өвлийн эхэн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр эв нэгдлийн хурал зарлаж байна. Цаашид АН ямар тоглоомын дүрмээр явах вэ гэдэг зүйлийг харилцан боловсруулж тохирох ёстой. Гэхдээ арваннэгдүгээр сарын 5-нд шинэ дүрмээ батлахгүй. Энэ боломжийг ашиглаад АН системийн шинэчлэл хийх эхлэлээ тавина” гэв.  

Гэрэл зургийг MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet