ХНХЯ: Ковид тусаад эдгэрсэн иргэд “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж” авч болно

Гэрэл зургийг MPA.mn
Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүмүүс ковид тусаад эдгэсэн бол өрхийн эмнэлгээсээ тодорхойлолт авч “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж” авч эхэлсэн билээ.
Тэгвэл энэ талаар ХНХЯ-наас “Ковид-19-ийн халдвар авсан иргэн өрхийн эмнэлэгтээ утсаар мэдэгдэж, бүртгүүлнэ. Өвчтэй байсан хугацаанд байгууллага нь цалинг бүтнээр олгож болох бөгөөд олгохгүй гэвэл өрхийн эмчээсээ тодорхойлолт авч, албан байгууллагадаа өгч, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч болно. Халдвар авсан иргэд багц шинжилгээ өгч, мэдээлэл нь цахим бүртгэлд орсон байх ёстой” гэж мэдээллээ.
Аж ахуйн нэгж, байгууллага юуг анхаарах вэ?
- Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
- Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
- Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
- Хурал уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх
- Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах
- Хурлын дараа шал, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах
- Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
- Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх
- Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цай ажилчиддаа өгөх
- Хоолны газар ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх
- Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй байх
- Ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг амны хаалтаар хангахад дэмжлэг үзүүлэх
- Ариун цэврийн өрөөнд саван, халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
- Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 4-өөс доошгүй удаа хийх
- Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах.

Хариулах