УЛС ТӨР

“ОХУ зөвхөн Монгол бус шатахуун экспортолдог бүх улсад хязгаар тавьж байгаагаа мэдэгдсэн”

Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй. Тэрбээр айлчлалын үеэр шатахууны нийлүүлэлтийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс хэлсэн үгэндээ Транзит Монгол болно гэсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

– Геополтикийн асуудал сонирхолтой байгаа. Улс орон бүрийн Ерөнхийлөгч нараас Монгол Улс хоёр хөрш орны дунд харилцааны тэнцвэрийг хадгалж байгаа болон худалдааны эргэлт нь аль талдаа илүү, ямар бодлого барьж буй талаар асууж байсан. Бид эдийн засгийн коридор байгуулах, хоёр хөрштэйгээ хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцуулж, Монгол Улс өвөрмөц байршилтай  давуу талаа ашиглаад транзит болно гэдэг бодлогоо Ерөнхийлөгч танилцуулсан.

-НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 2030 он хүртэлх нэг тэрбум мод тарих Монгол Улсын төрөөс зарласан уриалгын талаар тодруулж өгөөч.

– COP26 буюу уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн хамгийн том хурал Глазгоу хотод 11 дүгээр сарын 2-4-ний хооронд болно.

Энэ хурлаар улс орон бүр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой амлалтууд өгөх, өгсөн амлалтаа дээшлүүлэх талаар ярилцана. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой өгсөн амлалтаа нэмэгдүүлнэ гэж бодож байгаа. Энэхүү хуралд манай улс оролцоно.

Шар шороон шуурга болон цөлжилтийн эсрэг уриалга дэвшүүлж байгаа. Шар шороон шуурга Монголоос БНХАУ, Япон, БНСУ-ыг өнгөрөөд Калифорни хүртэл явж байна. Үүнийг зогсоох нь олон улс оронд адил ач холбогдолтой юм. Дэлхийн улс орнуудад хамааралтай чухал асуудал учир хэрхэн хамтарч ажиллах, туршлага солилцох талаар өндөр түвшний хурал болно.

-Улаанбаатарт шатахууны хомсдолын асуудал үүсээд байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай энэ талаар ярих уу?

– Дэлхий нийтэд логистикийн асуудлууд байна. ОХУ тавдугаар сараас хойш дотооддоо шатахууны нөөц бага, КОВИД-ын улмаас олборлолт буурч байгаа. Зөвхөн Монгол бус шатахуун экспортолдог бүх улсад хязгаар тавьж байгаагаа мэдэгдсэн. Энэ асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газар хариуцдаг. Шатахуун импортолдог хувийн хэвшлийн ААН-үүд нийлүүлэлтийн гэрээгээ хийсэн хугацаандаа ирж чадахгүй, нийлүүлэгдсэн ч бага хэмжээгээр өгч буй асуудлууд байна. Гэхдээ тасдлаагүй, тодорхой хэмжээнд байнга нийлүүлэхийг хичээж байгаа. Ойрын үед тодорхой хэмжээний шатахуун яаралтай нийлүүлэхээ ОХУ-ын талаас мэдэгдсэн.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet