ДЭЛХИЙН МЭДЭЭ

Бразилын хамгийн их ачаалалтай хотод цахилгаан агаарын таксины үйлчилгээг 2025 он гэхэд нэвтрүүлнэ

Бразилын агаарын тээврийн компани “Gol” Сан-Пауло хотод 250 ширхэг утаа ялгаруулдаггүй, хямд өртөгтэй агаарын таксины үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажилд “Gol” Дублинд төвтэй “Avolon” фирмтэй хамтрахаар болжээ.

“Avolon” нь Британийн үйлдвэрлэгчид 500 онгоцны захиалга өгсөн бөгөөд гүйцэтгэх захирал Слаттери нисдэг тэрэг бол хэт чинээлэг хүмүүсийн эзэмшдэг зүйл гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ Сан Паулод 2024-2025 онуудад “VA-X4 eVTOLs” онгоцыг нэвтрүүлснээр зорчигчдын хувьд томоохон өөрчлөлт авчирна гэж мэдэгдэв.

“Одоогийн байдлаар компанийн тооцоолсноор онгоцны ашиглалтын зардал 40 километрт нэг зорчигч тутамд нэг доллартай тэнцэхээр байгаа. Бид энэ зардлыг бууруулж, Uber-тэй тэнцэх үнээр хүргэх боломжтой” гэж Слаттери FT-д ярьжээ.

Токио, Дели, Сөүл, Шанхай хотын дараа дэлхийд тавд ордог том хот болох Сан Паулод 1990-ээд оны сүүлээр түгжрэлийн асуудал хүндэрч, эрх баригчид автомашины дугаарын эргэлтийн системийг нэвтрүүлэхээс өөр аргагүй болсон юм.

“Сан-Паулогийн дараа бид Ази тивд нэвтрүүлэхээр төлөвлөж байна” гэж “Avolon”-ы арилжааны албаны захирал Пол Гиней “Reuters” агентлагт ярьсан байна.

Британид 2016 онд байгуулагдсан, босоо тээврийн хэрэгслийн анхдагч “Vertical Aerospace” нь “Хүн ам ихтэй бүс нутагт автомашин, нийтийн тээврийн аль аль нь эрэлтийг хангаж чадахгүй. “VA-X4” нь хүмүүсийн аялах арга замыг өөрчлөх болно” гэж вебсайтдаа бичжээ.

Тус компанийн мэдэгдсэнээр “VA-X4” нь дөрвөн зорчигчийн суудалтай байх бөгөөд цагт 200 миль буюу 300 гаруй километр хурдлах хүчтэй байх юм. Энэ оны сүүлээр анхны туршилтын нислэгээ хийж, 2024 оноос эхлэн гэрчилгээгээ авахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet