ДЭЛХИЙН МЭДЭЭ

#MeToo: Хятадын шүүх бэлгийн хүчирхийллийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Бээжингийн шүүх тус улсын хамгийн алдартай телевизийн хөтлөгчдийн нэг Жу Жүнд холбогдох бэлгийн дарамтын хэргийг нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэгч нь Жу Жүнийг хүчээр биед нь хүрч, үнссэн гэж буруутгаж байсан юм.

Хятадын шүүх ийм төрлийн хэргийг хянан хэлэлцэх нь ховор байдаг бөгөөд тус улсад бэлгийн дарамтын талаар тодорхой заасан хуулийг батлаад удаагүй байгаа юм.

Нэхэмжлэгч Жоу Сяосюань нь Жу Жүгийн эсрэг гаргасан нэхэмжлэлийнхээ талаар анх 2018 онд бичвэр бичиж, онлайнд нийтэлснээр олон нийтэд ил болжээ. Түүний бичвэр цахим ертөнцөд тархаж, улмаар бусад хүмүүс өөрсдөдөө тохиолдсон бэлгийн дарамтын түүхийг хуваалцан, Хятадын #MeToo хөдөлгөөн эрчимжсэн юм.

Жоу Сяосюань тухайн жил улсын CCTV телевизийн алдартай хөтлөгч Жу Жүгийн эсрэг хуулийн арга хэмжээ авсан ч хэрэгт холбогдогч бүх нэхэмжлэлийг няцаасан байна.

Мягмар гарагт болсон эцсийн шүүх хуралдааны дараа Бээжин хотын Хайдиан дүүргийн шүүхээс гаргасан товч мэдээлэлд хатагтай Жоугийн нотлох баримт нь хангалтгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож байна гэж мэдэгджээ. Жу Жү одоогоор тайлбар хийгээгүй байгаа ч Жоу Сяосюань давж заалдахаар төлөвлөж байгаагаа бичгээр мэдэгдсэн байна.

Тэрээр шүүх хуралдааны дараа шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж “Би дахиж юу ч хийж чадахгүй гэдгээ мэдэрч байна … миний амьдралын сүүлийн гурван жил маш хэцүү өнгөрсөн” гэж нулимс дуслуулан ярьжээ.

Жу Жү өөр шүүхэд Жоу Сяосюаний эсрэг нэр хүнд, сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргасан байна.

Өнгөрсөн долоо хоногт Шаньдун мужийн зүүн хойд нутгийн шүүх технологийн аварга Алибабагийн нэгэн эмэгтэй менежерийн хүчирхийллийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet