БАЙГАЛЬ ОРЧИН

СУДАЛГАА: Хүнсний үйлдвэрлэлээс ялгарч буй хүлэмжийн хийн бараг 60 хувийг мах эзэлдэг

Дэлхий даяар хүнсний үйлдвэрлэл нь хүний ​​үйл ажиллагаанаас ялгарч буй хүлэмжийн хийн гуравны нэгийг ялгаруулдаг бөгөөд амьтдыг маханд ашиглах нь ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс хоёр дахин их бохирдол үүсгэдэг болохыг АНУ-ын Иллинойсийн их сургууль, Францын Жиф-сюр-Иветтийн Уур амьсгал, байгаль орчны шинжлэх ухааны лаборатори, Их Британийн Ардины Их Сургуулийн дэргэдэх Байгаль Орчны Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн хамтран хийсэн томоохон судалгаа харуулжээ.

Судалгаагаар хөдөө аж ахуйн машин механизм, бордоо цацах, бүтээгдэхүүн тээвэрлэх зэрэг хүнсний үйлдвэрлэлийн систем бүхэлдээ жилд 17.3 тэрбум тонн хүлэмжийн хий үүсгэдэг болохыг тогтоосон байна. Уур амьсгалын хямралыг өдөөж буй энэхүү асар их хий нь дэлхийн нийт хүлэмжийн хийн 35 хувийг эзэлж байна гэж судлаачид хэлэв.

Үүнийг нарийвчилж үзвэл: хоол хүнсэнд зориулж үхэр, гахай, бусад амьтдыг тэжээх болон малын тэжээл боловсруулах нь хүнсний үйлдвэрлэлийн ялгаруулдаг нийт хүлэмжийн хийн 57 хувийг эзэлдэг; ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний тариалалт 29 хувийг ялгаруулдаг; үлдсэн хэсгийг хөвөн, каучук гэх мэт газар тариалангийн бусад зүйлс ялгаруулдаг байна. Тэгвэл хүнсний бүтээгдэхүүнийг өсгөж, тариалахад ялгаруулдаг нийт хийний дөрөвний нэгийг үхрийн мах дангаараа эзэлж байжээ.

Бэлчээрийн амьтад маш их газар нутгийг шаарддаг бөгөөд үүнийг ой мод огтлох замаар цэвэрлэдэг, мөн малын тэжээл тарихын тулд өргөн уудам газар нутаг шаарддаг. Энэхүү баримт бичигт дэлхийн бүх тариалангийн талбайн дийлэнх нь хүн биш харин мал тэжээхэд зориулагдсан гэж тооцоолсон байна. Түүнчлэн мал аж ахуй нь маш их хэмжээний метан буюу маш хүчтэй хүлэмжийн хий ялгаруулдаг.

Мах, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний ялгааг харьцуулбал: нэг кг улаан буудай боловсруулахад 2.5 кг хүлэмжийн хий ялгаруулдаг бол нэг килограмм үхрийн мах боловсруулахад 70 кг хий ялгаруулдаг байна. Уур амьсгалын хямралыг шийдвэрлэхийн тулд нийгэм энэхүү мэдэгдэхүйц ялгааг мэдэж байх ёстой гэж судлаачид хэлэв.

Иллинойсын их сургуулийн цаг уурын эрдэмтэн, Nature Food сэтгүүлд нийтлэгдсэн уг нийтлэлийг хамтран зохиогч Атул Жайн хэлэхдээ “Хүмүүсийг хоолны дэглэмээ өөрчлөхийг хүчлэх нь бидний зорилго биш юм. Гэхдээ хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийн талаар санаа зовж байгаа бол хоолны дэглэмээ өөрчлөх тал дээр нухацтай бодох хэрэгтэй” гэв.

Судлаачид 171 таримал ургамал, 16 малын гаралтай бүтээгдэхүүний ялгаруулдаг хүлэмжийн хийн уялдаа холбоог хангасан мэдээллийн баазыг бүрдүүлж, 200 гаруй орны мэдээллийг цуглуулсан байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet