Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга А.Ундраа, дэд дарга Д.Пүрэвдаваа нар өнөөдөр (2024.10.31) Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Никола Карэ, ирэх оны төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж буй энэ үед цаг гарган уулзсанд талархал илэрхийлээд, Итали-Монголын парламентын бүлгийн даргын хувиар хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх санал, санаачилгуудаас онцлов.

УИХ-ын гишүүн А.Ундраа, хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг шинэ агуулгаар өргөжүүлэхэд хоёр улсын парламентын бүлгүүд идэвх, санаачилгаар манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн, манай хоёр орон газарзүйн байршлын хувьд хол хэдий ч хүний эрх, ардчиллын нэгдмэл үнэт зүйлстэй тул оюун санааны хөршүүд мөн гэж тодотгоод эдийн засаг, бизнесийн салбарын харилцан өгөөж бүхий боломжуудаас дурдлаа. Түүнчлэн шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, барилга бүтээн байгуулалт зэрэг салбаруудад туршлага судлан, хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа уламжлав.

Уулзалтын үеэр БНИУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ, хоёр улсын хооронд бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж буйг тодотгоод ялангуяа ноолуур, ноолууран бүтээгдэхүүний экспортын хэмжээ өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэсэн юм. Түүнчлэн талууд агаарын бохирдлыг бууруулах сайн туршлагуудын талаар санал солилцож, ногоон орон сууц, ногоон барилгын стандартыг хэвшүүлэх замаар тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд цаашид хамтран ажиллахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

#Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ, #Монгол Италийн парламентын бүлгүүд,