“Саиед Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт Гавьяат тамирчин цол, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгоно”

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шарамжамц өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саиед Моллайд 60 сая, хүрэл медаль хүртсэн гурван тамирчинд 30, 30 сая төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар дөрвөн тамирчиндаа байр өгөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Саиед Моллай болон дасгалжуулагч, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол, олимп дэлхийн хос медалтан болсон М.Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.
Энэ талаар Саиед Моллай хараахан мэдээлэл аваагүй юм шиг байна. Уг нь Жүдо бөхийн холбоонд энэ талаар дуулгасан. Түүнээс гадна Токиогийн олимпын наадмыг шүүн тунгаасан таван шүүгчид санхүүгийн урамшуулал олгож, хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд ялагдсан тамирчдадаа анх удаа мөнгөн урамшуулал хүртээх асуудлыг ч шийдвэрлэсэн” гэв.

Хариулах