Афганистан: Их Британи дахин 200 цэрэг Кабул руу илгээлээ

Талибанчууд Афганистаны нийслэлийг эзлэн авсны дараа Их Британи Кабул руу дахин 200 цэрэг илгээхээр болжээ. Ингэснээр Их Британийн нийт 900 орчим цэрэг эмх замбараагүй байдал үүсээд байгаа Кабулын нисэх онгоцны буудалд нүүлгэн шилжүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд нислэгийн зурваст эргүүл хийхээр болж байна.
Гадаад хэргийн сайд Доминик Рааб 350 гаруй Их Британийн иргэн, болон Их Британийн цэргүүдтэй ажиллаж байсан афган иргэдийг ирэх өдрүүдэд нүүлгэн шилжүүлэх болно гэж мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ, Их Британитай хамтран ажиллаж байсан 289 афган иргэн өнгөрсөн долоо хоногт Их Британид иржээ.
Их Британи хэчнээн дүрвэгсдийг хүлээж авахаа хараахан шийдээгүй, хэлэлцэж байгаа бөгөөд Афганистанд суугаа Их Британийн элчин сайд Лори Бристов Кабул дахь нисэх онгоцны буудал дээр Их Британийн ажилтнууд болон зэвсэгт хүчний хамт ажиллаж, шаардлага хангасан афган иргэдэд виз олгож байна. Их Британи орогнол авах шалгуурыг хуулиар тогтоосон байдаг бөгөөд дүрвэгсэд хүлээж авах тал дээр НҮБ-тай хамтран ажилладаг билээ.
Их Британид нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөлтэй ихэнх Афганистаны иргэд бол Их Британийн даалгаврыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой үүрэг гүйцэтгэсэн хүмүүс аж. Эдгээр хүмүүст орчуулагч, соёлын зөвлөх, элчин сайдын яамны ажилтнууд багтаж байна.
Түүнчлэн албаны хүмүүс хүчирхийлэлд өртсөн хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг оролцуулан хамгийн их тусламж хэрэгтэй, өндөр эрсдэлтэй гэж тооцогддог хүмүүсийг Их Британид хүлээн авахаар төлөвлөж байгааг Батлан хамгаалах яам мэдээлэв.
Эх сурвалж: BBC

Хариулах