АНУ дархлаа суларсан хүмүүст зориулж гурав дахь тунг тарихыг зөвшөөрлөө

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA)-аас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаа суларсан хүмүүст ковидын нэмэлт тарилга хийхийг зөвшөөрчээ. Тус тушаалын хүрээнд эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс болон хорт хавдраар өвчилсөн өвчтөн зэрэг 10 сая орчим хүнд нэмэлт тун хийхээр төлөвлөсөн байна. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) баасан гаригт болох хурлаар нэмэлт вакцины асуудлыг хэлэлцэх бөгөөд хэрэв зөвшөөрвөл энэ амралтын өдрүүдээс вакциныг хийж эхлэх аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар Moderna болон Pfizer вакцины хоёр тун эсвэл Johnson & Johnson вакцины нэг тун зарим хүмүүст, ялангуяа дархлаа суларсан хүмүүст хангалттай хамгаалалт болж чадахгүй байж магадгүй байна.
Зарим улс орнууд хүн амынхаа тодорхой бүлгүүдэд нэмэлт тун тарьж эхэлсэн байна. Тодруулбал Израиль таван сарын өмнө вакцин хийлгэсэн 60-аас дээш насны иргэдэд нэмэлт тун хийсэн бол Их Британи, Франц, Герман улсууд есдүгээр сараас эхлэх төлөвлөгөөтэй байна. Мөн Чилид Хятадын Синовак вакцин хийлгэсэн хүмүүст лхагва гаригаас эхлэн нэмэлт тун хийж эхэлжээ. Түүнчлэн Швед, АНЭУ, Индонез, Тайланд, Өмнөд Солонгос улсууд нэмэлт тун хийхээр төлөвлөж байна.
Үүний зэрэгцээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага улс орон бүрт хүн амынхаа 10-аас доошгүй хувийг вакцинжуулах боломж олгохын тулд есдүгээр сарын эцэс хүртэл нэмэлт тун хийхээ зогсоохыг уриалаад байгаа юм.
Эх сурвалж: BBC

Хариулах