COVID-19

Шинэ Зеланд ирэх оноос хилээ үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн хилийн хяналтын хатуу хязгаарлалтуудыг энэ ондоо үргэлжлүүлэн мөрдөж, ирэх оноос хилээ үе шаттайгаар нээхээр төлөвлөж буйгаа пүрэв гарагт мэдэгджээ.

Шинэ Зеланд нь коронавирусний цар тахал дэгдэж эхлэх үеэс буюу 2020 оны гуравдугаар сараас иргэд, байнгын оршин суугчдаас бусад бүх хүнийг хилээрээ нэвтрэхийг хориглосон юм. Харин 2022 оны эхэн үеэс халдварын эрсдэл бага орнуудаас вакцинд хамрагдсан аялагчдыг тусгаарлагдахгүйгээр хилээр нэвтрэхийг зөвшөөрөхөөр төлөвлөж байна.

“Бид хилээ бүрэн нээх байр суурьд хараахан хүрээгүй байна. Бид аль болох итгэлтэй, тодорхой шийдвэрүүдийг гаргахыг хүсэж байгаа учир анхаарал сэрэмжтэй, хянуур болгоомжтой байх хэрэгтэй” гэж Ж.Ардерн нийслэл Веллингтон хотноо болсон “Шинэ Зеландчуудыг дэлхий дахинтай дахин холбох нь” сэдэвт форумын үеэр хэлжээ.

Түүний ярьснаар, 2020 оны эхний улиралд Засгийн газар тусгаарлагдах шаардлагагүйгээр зорчих боломжтой, эрсдэлд тулгуурласан бие даасан загварыг бий болгоно. Энэхүү загварын хүрээнд бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй орнуудын ангиллыг танилцуулна.

Ингэснээр бага эрсдэлтэй орнуудаас ирэх вакцинд хамрагдсан иргэд тусгаарлагдахгүйгээр аялах боломжтой бол дунд эрсдэлтэй орнуудаас ирэх иргэд богино хугацаагаар өөрийгөө тусгаарлах юм уу тусгаарлагдах байранд байх шаардлагатай байна. Харин вакцинд хамрагдаагүй, мөн өндөр эрсдэлтэй орнуудаас ирэх аялагчдын хувьд 14 хоног тусгаарлагдана.

Нийт таван сая хүн амтай энэхүү арлын улс нь дотооддоо вирусний тархалтыг амжилттай хяналтдаа авснаар иргэдийн амьдрал хэвийн голдиролдоо эргэн ороход ойртон очоод буй юм. Гэвч вакцинжуулалтын хурд нь бусад хөгжингүй орнуудынхтай харьцуулахад удаан байгаа ажээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet