CNN вакцин хийлгээгүй ажилтнуудаа оффист нэвтэрсний төлөө ажлаас нь халлаа

АНУ-ын CNN мэдээллийн сүлжээ нь ковидын эсрэг вакцин хийлгээгүй гурван ажилтнаа оффист нэвтэрсэн үндэслэлээр ажлаас халсан болохыг тус улсын хэвлэлүүд мэдээллээ. АНУ-д компанийн вакцинжуулалтын журмыг зөрчсөн ажилтнаа халсан анхны тохиолдол энэ юм.
Тавдугаар сард АНУ-ын засгийн газар “ажил олгогчид ажлын байранд биечлэн ирж буй ажилчдыг Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэхийг хуулийн дагуу шаардах эрхтэй” гэж мэдэгдсэн.
Энэ дагуу Facebook, Google зэрэг олон томоохон компани ирэх саруудад оффисууд бүрэн нээгдэх үед ажилчдаа вакцинд хамрагдахыг шаардана гэдгээ мэдэгдлээ.
Мөн Delta, United Airlines зэрэг томоохон агаарын тээврийн компаниуд шинэ ажилчдаасаа вакцин хийлгэсэн баримтыг шаардаж байгаа бол хөрөнгө оруулалтын банк Goldman Sachs ажилчдаа вакцин хийлгэхийг шаардаагүй ч хийлгэсэн эсэхээ мэдэгдэхийг тушаасан байна.
Мөн Ерөнхийлөгч Байден АНУ-ын хоёр сая төрийн албан хаагчдыг вакцин хийлгэснээ нотолж баримт үзүүлэх эсвэл заавал шинжилгээнд хамрагдаж, маск зүүхийг тушаажээ.
Эх сурвалж: BBC

Хариулах