Э.Бат-Үүлийг хоёр сая төгрөгөөр торголоо

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нээлттэй хуралдаанаар өчигдөр хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн наймдугаар сард энэ хэргийг хэлэлцэж, Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогчийг хоёр сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан юм. Харин Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Мэргэний анхан шатны шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч давж заалдах шатанд гомдлоо гаргасан юм. Э.Бат-Үүл нь өнгөрсөн оны долдугаар сарын 20-нд твиттер хуудсанд “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна! Улаам цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг М.Энхсайханаар зориуд харуулжээ! З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байхдаа. Хуцлаа л байна” гэх сэтгэгдэл оруулжээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Ганзориг энэхүү гомдлыг шалгаж, З.Энхболдын нэр төр, ажил хэргийн алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан хэмээн үзсэнийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн юм. Дээрх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах