ДЭМБ гурав дахь тунгаа түр зогсоохыг уриалж байна

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тэргүүн доктор Тедрос Адханом Гебрейюс ядуу буурай улсууд Ковид-19-ийн вакцинаас хоцорч байгааг анхааруулаад, хөгжингүй орнуудыг нэмэлт вакцинаа дор хаяж есдүгээр сарыг дуустал түр зогсоохыг уриалав.
ДЭМБ-ын мэдээлснээр орлого багатай орнуудад хангамжийн хомстлын улмаас 100 хүн тутамд 1.5 тун оногдсон байна. Доктор Тедрос хэлэхдээ энэ нөхцөл байдлыг өөрчлөх шаардлагатай бөгөөд вакцины дийлэнхийг орлого багатай орнуудад өгөх ёстой гэжээ.
Түр зогсолт хийснээр улс орон бүрийн хүн амын дор хаяж 10%-д вакцин хийх боломжтой болох юм. Энэ нь ДЭМБ-аас өгсөн хүчтэй уриалга бөгөөд ингэснээр өндөр орлоготой болон бага орлоготой орнуудын хоорондын ялгааг багасгахыг оролдож байгаа юм.
Энэ үеэр Израиль, Герман, Их Британи зэрэг хэд хэдэн улс гурав дахь тунг хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бол Гаити, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсуудад хоёр тун вакцинд хамрагдсан хүн байхгүй байна.
Мөн сүүлийн саруудад “Дельта” хувилбарын улмаас халдвар, нас баралт нэмэгдсэн Индонез улс хүн амынхаа дөнгөж 7.9%-ийг бүрэн вакцинд хамруулсан болохыг “Our World in Data” мэдээлэв.
Харин АНУ нэмэлт вакцинжуулалтын талаар ямар нэгэн бодлого зарлаагүй байгаа боловч лхагва гарагт Цагаан ордон вакциныг хилийн чанадад тараах хангалттай тун байгаа гэж мэдэгдээд, америкчуудыг бүрэн вакцинжуулах боломжтой гэжээ.
Доктор Тедрос баян орнуудыг вакцины хангамжаа бага орлоготой орнуудад хандивлахыг уриалсан нь анхны тохиолдол биш юм. Тавдугаар сард тэрээр баян чинээлэг улс орнуудыг хүүхэд, өсвөр насныханд вакцин хийх төлөвлөгөөгөө хойшлуулж, оронд нь хандивлахыг уриалсан юм.
Эх сурвалж: BBC

Хариулах