ДЭЛХИЙН МЭДЭЭ

Коронавирусийн дельта хувилбарын тархалтын эсрэг улс орнуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа

Цар тахал дэгдсэнээс хойших жил хагасын хугацаанд дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбар олон сорилтыг даван эдийн засгийн хүнд үеийг туулж байна. Вакцин гарснаар хүн амаа дархлаажуулж, хэвийн амьдралдаа шилжихээр дор бүрнээ төлөвлөж байсан ч коронавирусийн аюултай хэд хэдэн хувилбар, ялангуяа дельта вирусийн улмаас харьцангуй энгийн байдалд шилжсэн байсан орнууд эргээд тодорхой хязгаарлалтуудыг олон нийтийн дунд тавьж эхлэв. 

Дэлхийн улс орнууд, тэр дундаа Ази, Номхон далайн бүсийн зарим орон ямар арга хэмжээ авч байгаа талаар сонирхуулья.

Австралийн зарим хот, мужид хөл хорионы дэглэм үргэлжилж байна

Австралийн Засгийн газар хөл хориог дуусгаж, хэвийн амьдралдаа шилжих дөрвөн үе шат бүхий төлөвлөгөөгөө зарлажээ. Одоогоор хамгийн эхний шатны төлөвлөгөө А хувилбар буюу халдварын идэвхжилтэй холбоотой хатуу хөл хорионы дэглэм хэрэгжүүлж байна. 

2020 оны гуравдугаар сараас хойш хилээ хааж, ертөнцөөс өөрсдийгөө тусгаарласан тус улс хүн амынхаа 80%-ийг вакцинжуулж дууссаны дараа нээлттэй болохоор төлөвлөснөө Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон албан ёсоор зарласан. Энэ бол D шат. Харин вакцинжуулалтад хамрагдсан иргэддээ дотоодын бүх хязгаарлалтаас чөлөөлөгдөх боломж олгох талаараа С шатны төлөвлөгөөндөө тусгажээ. 

Одоогоор Сиднейн ихэнх хэсэг, Мельбурн хотод хөл хорионы дэглэм үйлчилж байгаа нь дельта вирусийн тархалттай холбоотой байна. 

БНХАУ: Хонг Конгод дөрвөөс дээш хүн цуглахыг хязгаарлав

Дельта вирусийн дэгдэлттэй холбоотойгоор Их Британийг эрсдэлтэй бүс хэмээн үнэлж, тус улсын бүх нислэгийг хориглохоор шийдсэнээ Хонг Конг 2021 оны зургаадугаар сарын 28-нд мэдэгдсэн. 

Вакцинжуулалтын тухайд 38 хувьтай байгаа бөгөөд бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүст үйлчилгээнүүдийг нээж байгаа аж. Тухайлбал, хоолны газрууд 50%-ийн хүчин чадлаар ажиллаж байгаа бөгөөд бүх ажилчид нь вакцинаа хийлгэсэн бол 75% нь ажиллах боломжтой аж. Гэхдээ иргэдэд амны хаалт зүүхийг шаардаж байгаа ба одоог хүртэл зай байрих арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тодруулбал, дөрвөөс дээш хүн цуглахыг хязгаарлаж байна.

Японд 20:00 цагаас хойш ресторан, баарууд ажиллахгүй  

Япон улсын хувьд халдварын хүнд нөхцөл байдалд бүх дэглэмийг сахин “Токио 2020” олимпоо зохион байгуулж байгаа. Тус улсын нийслэл Токиогоос гадна Окинава, Сайтама, Чиба, Канагава, Осакад наймдугаар сарыг дуустал онц байдал зарласан. Наймдугаар сарын дунд үе хүртэл иргэдээ аялахгүй байхыг зөвлөж байна. Дээрх зургаан газраас гадна таван мужид нийтийн хоолны газар архи согтууруулах ундаа заруулахгүй байхаар болжээ. Цагийн хуваарийг мөн 20:00 цагаар хязгаарласан байна. Түүнчлэн иргэдийг аль болох олуулаа цуглахгүй байхыг зөвлөж байгаа аж.  

Сингапурт 100 хүний арга хэмжээ зохион байгуулахад оролцогч бүрээс шинжилгээ авна

Сингапурт халдварын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээгээ чангатгав. Долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 18-ны хооронд ийнхүү зарим хязгаарлалтыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, аливаа арга хэмжээг 100 хүнээр хязгаарлаж байгаа бөгөөд тэдгээр хүн уг үйл ажиллагааны өмнө шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа аж. Амны хаалт зүүхийг мэдээж зөвлөж байна. 

Вакцин хийлгэсэн, өвдөөд эдгэрсэн хүмүүс таваас хэтрэхгүйгээр уулзаж болох бол анги танхим дахь хүний тоог 30-аар хязгаарлажээ. 

БНСУ-д 18:00 цагаас хойш хоёроос олуулаа гадуур явахгүй

Өмнөд Солонгос улсад халдварын тохиолдол буурснаар тавдугаар сараас хатуу хязгаарлалтуудаа сулруулаад байв. Гэвч долдугаар сарын эхээр халдвар дахин гарч, 15-н гэхэд эрчимтэй тархах болсон тул наймдугаар сарын 8-н хүртэл эргээд онц байдал тогтоохоор болсон. Тодруулбал, Сөүл, Инчеон зэрэг хотод онц байдлын хязгаарлалтын IV зэрэглэл буюу хамгийн чанга түвшинд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ресторан, кафег 22:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрч кинотеатр, тоглоомын газар, шөнийн клуб зэрэг бусад үйлчилгээг хязгаарлажээ. Оройн 18:00 цагаас хойш хоёроос олуулаа цуглахгүй. 

Сөүл хотод үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийн салбараас бусад бизнесүүдийн ажилтнуудынхаа 30%-ийг ажиллуулахыг зөвшөөрч байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet