ХҮҮХЭД

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдэдээ хичээлийн цүнх сонгоход анхаарах зүйлс

Сурагчийн цүнх нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас илүүгүй байх нь тохиромжтой гэж үздэг (НЭМҮТ судалгаа). Өөрөөр хэлбэл зургаан настай хүүхдүүдийн биеийн дундаж жин 21 кг бол цүнхний жингийн дээд хязгаар 2.1 кг байх юм. Гэтэл манай ХӨӨРХӨН ШАР ШУВУУ сургалт судалгааны төвийн (2019 он) судалгаанд хамрагдсан 1000 гаруй зургаан настнуудын 86.3 хувь нь стандартаас хүнд цүнх үүрч байсан байна.

Шинэ Зеланд улсын (2010 он) эрүүл мэндийн судалгаанд хамрагдсан стандартаас хүнд цүнх үүрдэг сурагчдын 77.1 хувьд булчин өвдөлтийн шинж тэмдэг байж.

Тэдний:

  • 44.3 хувь нь хүзүү,
  • 43.6 хувь нь мөр,
  • 36.4 хувь нь нуруу,
  • 35.0 хувь нь аарцаг нурууны өвчтэй болохыг тогтоосон.

Эндээс үзэхэд хүнд цүнх нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил цаашлаад суралцах, танин мэдэхүйн идэвхтэй байдалд ч нөлөөлөхүйц байна. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн үүнд маш анхаарал, болгоомжтой хандаж хүүхдийн цүнх авахдаа:

  • Цүнхний мөрөвчний өргөнийг анхаарах. Дунджаар 4-4.5 см байвал цүнхний хүндийг хүүхдийн биед жигд хуваарилахад тохиромжтой.
  • Том хавтгай, хүнд номыг нь аль болох нурууны талд хийлгэж хэвшүүлэх.
  • Цүнхэнд бүх ном, дэвтэрээ хийсний дараа цүнхний доод тал хүүхдийн аарцганд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулна. Оосрын уртыг 30-36 см-ээр тохируулахад боломжтой.
  • Цүнхээ тогтмол хоёр мөрөндөө үүрэхийг зөвлөж, хэвшүүлэх.
  • Хичээлийн эхний өдрүүдэд хичээлийн хуваариа тогтмол ялгах. Шаардлагатай дэвтэр номоо л үүрч байхыг анхааруулах.
  • Бага ангийнхан аль болох нимгэн дэвтэр хэрэглэх.
  • Хичээлд хэрэглэгдэхгүй ач холбогдол багатай зүйлсийг ялган үлдээж байх. Тоглоом, амттан г.м
  • Биеийн тамирын хувцас, солих углааш зэрэг нэмэлт зүйлсийг тусад нь бариулж хэвшүүлэх.
  • Хэт их гоёл тоноглолтой, өөрийн жин ихтэй цүнх авахаас татгалзах.
  • Хүүхэд өөрөө цүнхээ үүрч хэвших. Энэ нь хүүхэд аливаад хариуцлагатай, өөрийн эд зүйлд эзэн нь байх дадлын эхлэл билээ.

Гэвч судалгаанд хамрагдагсдын 92.3 хувь нь хүүхдийнхээ цүнхийг өмнөөс нь барьж өгдөг гэсэн ба үүний 65.1 хувь нь цүнх хүнд учраас гэсэн тайлбар өгчээ.

Г. Төмөрзаяа (“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч)

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet