СОНИН ХАЧИН

Шри Ланкад дэлхийн хамгийн том хэмжээтэй одны индранил олджээ

Шри Ланкийн эрх баригчид дэлхийн хамгийн том одны индранил чулуу айлын арын хашаанаас санамсаргүй байдлаар олдсон болохыг мэдэгдэв. Уг чулууг үнэт чулуугаар баялаг Ратнапура хотын нэгэн айлд худаг ухаж байсан хүмүүс олжээ.

Чулуу 510 орчим килограмм буюу 2.5 сая карат бөгөөд хүмүүс “Serendipity Sapphire” гэж нэрлэх болсон байна. Мэргэжилтнүүд уг чулууг олон улсын зах зээл дээр 100 сая доллар хүртэл үнэд хүрнэ гэж үзэж байгаа аж.

Алдартай үнэт чулууны мэргэжилтэн Гамини Зойса ВВС-д хэлэхдээ ийм том сорьцыг урьд өмнө хэзээ ч харж байгаагүй, мөн ойролцоогоор 400 сая жилийн өмнө үүссэн байх гэжээ.

Гурав дахь үеийн эрдэнийн чулууны наймаа эрхэлдэг ноён Гамаж олдворын талаар эрх баригчдад мэдээлсний дараа шавар болон бусад бохирдлыг цэвэрлэж, дүн шинжилгээ хийж баталгаажуулахад жил гаруйн хугацааг зарцуулсан байна.

“Энэ бол дэлхийн хамгийн том одны индранилийн сорьц юм. Хэмжээ, үнэ цэнийг нь харгалзан хувийн цуглуулагчид эсвэл музейн сонирхлыг татна гэж бодож байна” гэж Шри Ланкийн Үндэсний эрдэнийн чулуу, үнэт эдлэлийн газрын дарга Тилак Вирасингхэ хэлжээ.

Сингал хэлээр үнэт чулууны хот гэсэн утгатай Ратнапура хот нь Өмнөд Азийн эрдэнийн чулууны нийслэл гэгддэг.  Шри Ланка нь индранил болон бусад үнэт чулууны экспортын тэргүүлэгч орон юм. Өнгөрсөн жил эрдэнийн чулуу, зүссэн алмаз, үнэт эдлэлийн экспортоос тус улс хагас тэрбум орчим долларын орлого олсон байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet