Сан Диего дахь амьтны хүрээлэнгийн цоохор ирвэс коронавирусийн халдвар авчээ

Сан Диего хотын амьтны хүрээлэнд вакцин хийлгээгүй, есөн настай эр цоохор ирвэс Рамил коронавирусээр өвчилжээ. Рамилийн ханиалгаж, нус нь гоожиж байгааг асран хамгаалагчид нь пүрэв гарагт анзаарчээ. Хожим нь түүний өтгөнд хийсэн хоёр өөр шинжилгээгээр коронавирус илэрсэн болохыг амьтны хүрээлэнгийн баасан гарагт хийсэн мэдэгдэлд дурдсан байна.
Рамилд өөр шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгдсэн боловч тэрээр эм цоохор ирвэс мөн Амурын хоёр ирвэстэй нэг торонд байдаг тул бусад нь мөн ковидын халдвар авсан гэж ажилтнууд таамаглаж байгаа. Үүний үр дүнд амьтдыг хорио цээрийн дэглэмд шилжүүлж, амьтны хүрээлэнг хаажээ. Одоогоор Рамил хэрхэн халдвар авсан нь тодорхойгүй байна.
Нэгдүгээр сард Сан-Диего амьтны хүрээлэнгийн салбар болох сафари паркийн найман горилл шинж тэмдэггүй ковидоор өвчилсөн ажилтнаас вирусийн халдвар авсан билээ. Гориллууд эдгэрсэн бөгөөд энэ нь вирус сармагчинд халдварласан анхны тохиолдол болсон юм. Энэ хэргийн улмаас амьтны хүрээлэн яаралтай тусламжийн зориулалттай, амьтанд зориулсан туршилтын Covid-19 вакциныг хийлгэх хүсэлтийг гаргасан. Өмнө нь Pfizer-ийн бүрэлдэхүүнд байсан амьтны эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг Zoetis компанийн вакциныг зөвхөн вирусийн халдвар авах өндөр магадлалтай төрөл зүйлүүд болох хэд хэдэн приматууд мөн том муурнуудад тарьсан байна.
Ажилтнууд заавал вакцинд хамрагдах шаардлагагүй боловч вакцин хийлгээгүй ажилтнууд үргэлж маск зүүж байх ёстойг амьтны хүрээлэнгээс мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian

Хариулах