ЭРҮҮЛ МЭНД

Монголчуудын 30 хувь нь орчны бохирдлоос үүдэж харшлын өвчтэй болдог

Дэлхий дээрх долоон тэрбум хүний 40 орчим хувь нь харшлаар өвчлөөд байгааг ДЭМЫ-ын судлаачид тогтоожээ. Харшил үүсэхэд хэд хэдэн хүчин зүйлүүд нөлөөлдөг байна.

Үүнд:

• Удамшил

• Гэрийн тэжээвэр амьтад (харшил, өдөөгч)

• Амьдарч буй орчин (хөрсний бохирдол, агаарын бохирдол, тоосжилт)

• Амьдралын хэвшил гэх мэт орно.

Монгол улсын хувьд харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын иргэдийн 10 хүн тутмын гурав нь, тэр дундаа сүүлийн жилүүдэд хүүхдүүд харшилтай болох нь ихэссэн байна. Үүний гол шалтгаан нь амьдарч буй орчны бохирдол гэж эмч нар үзжээ. Хөрс бохирдсоны улмаас шарилж, хогийн ургамал ургаж, ургамлын харшилтай хүмүүсийн тоо өдрөөс өдөрт ихсэж байна.

Арьс харшлын их эмч Б.Энхсайхан: Шарилжны харшил хүмүүс хамгийн их зовуурьтай байдаг

-Жилээс жилд ургамлын харшилтай хүмүүсийн тоо ихсэж байгаа. Тэр дундаа шарилжны харшил хүмүүс хамгийн их зовуурьтай байдаг. Шарилжны харшил нь 7- р сарын эхээс 8-р сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Ургамлын харшлын шинж тэмдгүүд нь нүд загатнах, хамар битүүрэх, угсруулж олон найтаах гэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол мэргэжлийн эмч дээр ирж сорил тавиулж болно. Үүгээр нь хоолны дэглэм болон эмчилгээг хийж эхэлдэг.

Иргэн С.Тамир:

– Иргэд өөрсдөө хаа таарсан газар бие засаж, нус цэр, хогоо хаяж байгаа нь хөрсөө бохирдуулж, хотын төв, зусланд ч шарилж ихээр ургах болсон. Мөн хүмүүсийн амьдралын буруу хэвшил, сахарын хэрэглээнээс болж харшилтай хүмүүсийн тоо нэмэгдлээ. Үүнээс гадна хүүхдүүд маш их харшилтай болж байгаа нь харамсалтай. Тиймээс хотын удирдлагууд энэ тал руу анхаараад, хөрсний бохирдлын асуудлаа шийдэж өгөөсэй гэж хүсч байна.

Иргэн П.Ням-Очир:

-Миний бодлоор шарилжийг гүйцэт ургаад ихсэхээс нь өмнө үндсээр нь зулгааж авч хаяхын оронд нь мод ч юм уу байгальд ээлтэй, хөрс бохирдуулахгүй, орчны агаарыг цэвэршүүлж сэргээх мод тарих нь зөв. Биеэр гарч туурч байгаа юм бол байгаль орчноосоо болж байна. Хогийн ургамал, хувь хүний цэвэрч байдал, хэвшлээс болж харшил үүсдэг байх гэж боддог.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet