Боксын тамирчин Б.Чинзориг Токиогийн олимпоо өндөрлүүллээ

-“Токио-2020” Зуны олимпын XXXII наадам-
Ази тивийн шинэхэн аварга боксчин Б.Чинзориг олимпын наадмыг санаснаас эрт өндөрлүүллээ. Тэрбээр дөнгөж 16-д шалгарч үлдэхийн төлөөх тоглолтыг Узбекистаны Элнур Абдураимовын эсрэг хийж, 4:1-ээр ялагдсан юм.
Тулааныг манай хүн маш сайн эхлүүлж, хөнгөхөн, оновчтой цохилтоор оноо түүсээр эхний үед 3:2-оор илүүрхлээ. Гэвч хоёрдугаар үед урагш нь дайрах нь багасч, хамгаалтандаа илүү анхаарсан нь буруудав. Энэ үед узбек эр 5:0-ээр илүүрхжээ. Шийдвэрлэх гуравдугаар үед манай тамирчин илүү тоглосон ч эцсийн дүндээ таван шүүгчийн дөрөв нь эсрэг талд ялалтыг өгөв.
Хоёрдугаар үеийн тааруу тоглолт эцсийн дүнд том нөлөө үзүүлжээ. Хоёр боксчин өмнө нь биесээ нэг нэг хожоод байсан. Б.Чинзориг хамгийн сүүлд энэ оны Азийн аваргад түүнийг 5:0-ээр ялж байсан бол олимпын рингэнд ийн харамсалтайгаар ялагдав.

Хариулах