ДЭЛХИЙН МЭДЭЭ

Энэтхэгт үер бууж, аврагчид амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж байна

Энэтхэгт хүчтэй аадар бороо орсны улмаас үерийн гамшиг болж, аврагчид тус улсын баруун хэсгийн сүйдсэн газруудаас амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж байна. Хэдэн арван мянган хүнийг гамшигт нэрвэгдсэн бүс нутгаас нүүлгэн шилжүүлжээ.

Гоа болон Махараштра мужуудад байдал илүү хүнд байгаа бөгөөд санхүүгийн төв болох Мумбайн ойролцоо олон хүн сураггүй алга болжээ. Махараштрад одоогийн байдлаар 136 хүн нас барсан бол хөрш Гоад олон зуун байшин эвдэрч сүйдсэн байна. Мумбай, Гоа мужуудыг холбодог гол хурдны зам болон бусад замууд хөрсний гулгалтаас үүдэн хаагдсан бөгөөд албаны хүмүүс нисдэг тэрэг, шумбагчид, мөн тэнгисийн цэргийн аврах багуудыг аврах ажиллагаанд дайчилжээ.

Махараштра мужид томоохон голууд эргээ задлах эрсдэлтэй байгаа бөгөөд одоогийн байдлаар тус мужид 90,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Мөн Мумбайгаас зүүн өмнө зүгт орших Талийе тосгонд хөрсний гулгалт үүссэнээс болж ихэнх байшингууд нурж, 42 хүн эндсэн гэж мэдээлэв.

Энэтхэгт борооны улирал жил бүрийн зургадугаар сараас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Ойрын хэдэн хоногт аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурын мэргэжилтнүүд мэдээлжээ.

Үер болоход олон хүчин зүйл нөлөөлдөг боловч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дэлхийн дулаарлын улмаас их хэмжээний хур тунадас орох магадлал өндөр байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Сүүлийн хэдэн долоо хоногт баруун Европ, Хятадын зарим хэсэгт хүчтэй аадар бороо орон, үер бууж, харин Хойд Америк хэт халалттай тэмцэж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet