Тайландад химийн үйлдвэр дэлбэрсний улмаас нэг хүн нас барж, 30 хүн шархаджээ

Даваа гарагт Тайланд улсын нийслэл Бангкок хотын ойролцоо орших химийн үйлдвэрт болсон дэлбэрэлтийн улмаас нэг хүн амь үрэгдэж, 30 орчим хүн шархаджээ. Орон нутгийн цагаар өглөөний 03:00 цагийн орчимд Самут Пракан мужийн Банг Фли дүүргийн хуванцар хөөс үйлдвэрлэдэг үйлдвэрт дэлбэрэлт болж, гал гарсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Дэлбэрэлт Мин Дих Кемикал компанийн үйлдвэрт болсон бөгөөд ойролцоох 10 үйлдвэр болон суурин газарт хохирол учирч, 30 орчим хүн гэмтэж бэртсэн байна.
Орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд гал сөнөөгчид галыг унтраах гэж байхад үйлдвэрт байсан химийн сав дэлбэрснээс 19 настай гал сөнөөгч газар дээрээ нас барж, гурван гал сөнөөгч хүнд шархадсан гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдээлэв.
Энэ ослыг үйлдвэрт хадгалж байсан шатамхай химийн бодис болох стирол мономероос болсон гэж таамаглаж байна. Станцаас гарч буй хорт утаа, хүчтэй салхины улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж, зүүн дүүрэгт түр хамгаалах байранд хүргэжээ. Гал түймрийн улмаас гарсан химийн бодис амьсгалын тогтолцоонд сөргөөр нөлөөлж болзошгүй тул холбогдох албаны хүмүүс орон нутгийн оршин суугчдад эрүүл мэндийн үзлэг хийхээр болжээ.
Эх сурвалж: www.xinhuanet.com

Хариулах