Талийгаачийн төрсөн ах Д.Ганжууржав: Дэндүү харамсмаар, харахын эцэсгүй үйл явдал болоод өнгөрлөө

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадаа нэгэн иргэн тусламж авч чадалгүй амьсгал хураасан харамсалтай хэрэг өнөөдөр гарлаа. Болсон үйл явдлын талаар талийгаачийн төрсөн ах Д.Ганжууржаваас тодруулсан юм.
-Юуны өмнө танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Чухам юуны учир таны дүүгийн амь нас хохирчихов оо?
-Дэндүү харамсмаар, харахын эцэсгүй үйл явдал болоод өнгөрлөө. Энэ үйл явдалд эмч нар хариуцлага хүлээх үү, төр засаг хариуцлага хүлээх үү. Өнөөдөр монгол хүн нэг, нэгээрээ хайс түшээд үхээд байх юм уу. Үнэхээр хэцүү байна.
-Таны хувьд дүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ. Талийгаач коронавирусийн халдвараар өвчилсөн байсан уу?
-Хамгийн сүүлд зургаан өдрийн өмнө ярьсан. Харин өнөөдөр эмнэлгээс дуудаж, энд ирлээ. Намайг ирэхэд дүү минь амьсгал хураачихсан байсан.
Дүү минь долдугаар сарын 2-нд шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан. Өөрөөр хэлбэл, халдвар авсан байсан гэсэн үг. Ингээд шинжилгээ өгсөн “Хатагтай” эмнэлэг гэрээр эмчил гээд жор бичиж өгсөн юм билээ.
-Тухайн үед шинж тэмдэг хөнгөн байсан хэрэг үү?
-Хөнгөн байсан. Дүүгийн минь хувьд ямар нэгэн хууч өвчингүй нэгэн. Өнөөдрийн хувьд амьсгал нь давчдаад эмнэлэгт хандаж. Эмнэлгийн үүдэн дээр ирчихээд байхад эмч нар яагаад оруулсангүй вэ. Яагаад анхан шатны тусламж үзүүлдэггүй юм бэ. Эмнэлэг ачаалалтай байгааг би ойлгож байна. Гэхдээ анхан шатны тусламж үзүүлчихсэн бол дүү минь өдийд амьд байх байлаа. Тэр минь 35-хан настай, бурхан сийлдэг сийлбэрч хүн байсан.
-Эрүүл мэндийн салбарынхан харьяа дүүрэг, хороо ярьж цаг алдсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Чингэлтэй дүүрэгт амьдардаг ч харьяалал нь Баянзүрх дүүрэг учраас наашаа явуулсан байсан. Дүүргийн эмнэлэг дээрээ очсон ч өрхийн эмнэлэг дээрээ оч гээд явуулсан байгаа юм. Уг нь бол Баянзүрх дүүргийн харьяалалтай ковидтой иргэдийг “Энэрэл” эмнэлэг хариуцаж авах ёстой юм байна. Гэтэл дүү минь энэ эмнэлгийн гадаа хайс түшээд амь насаа алдчихлаа.
Угтаа эмнэлэг ямар байх ёстой билээ. Анхан шатны тусламж үзүүлээд, ганцаараа явж байгаа бол ар гэрээс нь хүн дуудаад өгөх ёстой биздээ. Гэтэл тусламж үзүүлсэнгүй.
-Амьсгал хураахаасаа өмнө гэр бүлийн гишүүд рүүгээ холбогдсон уу?
-Үгүй. Шүүх эмнэлгийн зүгээс 11.00 цагийн үед амьсгал хураасан байна гэж тэмдэглэсэн байна.
-Цээжний зургаа авахуулсан байсан гэсэн. Хэр хүндэрсэн гэж гарсан байсан юм бэ?
-Зурган дээр аймаар хүндэрсэн зүйл бол байгаагүй юм билээ. Гэхдээ одоо эмч нарын хэлж байгаагаар анхан шатны тусламж авсан бол арай ч амь насаа алдахгүй байсан гэсэн зүйл хэлж байна.

Зочин
2021-07-06
Хайран хүмүүс амиа хлдсаар
Зочин
2021-07-07
Ийм л байна шүү эмч нараа. Энэ дүр зураг өрхийн улсын бүх эмнэлэгт адил шүү гэхэд хилсдэхгүй.тангараг өргөчихсөн бас өвчтөнөө хаяад ажил хаяж байдаг ёстой хэлэх үг ч алга. Тангараг өргөсөн цэрэг хилээ хаяад явахтай адил
เครดิตฟรีกดรับเอง
2023-03-16
It’s going to be finish of mine day, bbut before finish I am reading this enorkous pierce of
writng to increase my knowledge.