НИЙТЛЭЛЧ

С.Баяр шиг зангараг Л.Оюун-Эрдэнэд бий юү?

Санжийн Баяр 1990 оноос хойшхи МАН-ын тав дахь дарга болоод төд удалгүй “Үүрэг, хариуцлагатай дүйх эрх мэдлийг минь өгөөч” гэж хэлээд 25 дахь Ерөнхий сайдын суудалд очиж байлаа. Зөв ч алхам байв. Угаас Ерөнхий сайд гэдэг албан тушаал нэгдүгээрт улс төрийн хүчирхэг лидер, хоёрдугаарт Намын дарга байх нь Засгийн газар тогтвортой ажиллах баталгаа. Улс төр шинжлэх ухааныг академик төвшинд эзэмшиж, үндсэн мэргэшлээ болгосон С.Баяр шиг стратегич үүнийг хамгийн сайн мэдэх учраас өөрийн бүтээсэн имижээрээ бооцоо тавьж, дараагийн алхмаа хийсэн нь тэр байв.

2008 оны сонгуулийн дараа сөрөг хүчин АН-тай хамтарч Стандарт бус Засгийн газрыг байгуулсныг эс тооцвол С.Баяр амалсандаа хүрч МАН парламентад 45 суудлыг авсан юм. Оюутолгойн гэрээг үзэглэж, хувийн өмчид явсан Тавантолгойн тусгай зөвшөөрлийг төрд авсан зэргээр томоохон төслүүд эерэг үзүүлэлттэй урагшилсан нь С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын бодлогоос гадна МАН-ын даргынх нь зангараг голлох нөлөөтэй байлаа. Үүнтэй агаар нэг хувь тохиол өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өмнө иржээ. Нэг үгээр С.Баярын улс төрд үлдээсэн жишиг түүнд ирэх үү? гэдэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарахгүйгээр улс төрд хамгийн дуулиантай сэдвийн нэг болох нь тодорхой болов.

Учир нь, “Ерөнхий сайд заавал Намын дарга байх ёстой” гэсэн байр суурийг Засгийн газрынхаа 100 дахь хоногийн тайлангийн индрээс Л.Оюун-Эрдэнэ амаараа мэдэгдлээ. Зөвхөн намын дүрэмд байдаг уг заалтыг цаашид хуульчлах ёстойг ч онцолсон тэрбээр Л.Оюун-Эрдэнэ гэх хүн Намын дарга болох нь зарчим гэв. С.Баяр МАН-ын даргаас Ерөнхий сайдын тамга атгасан шиг Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүний сэнтийгээс Намынхаа нэгдүгээр хүн болох зайлшгүй шаардлага үүссэн нь ийнхүү гэрэл цохилоо. Цохьсон ч гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө “шүгэл үлээв”.

Намын дарга Ерөнхий сайд болох заалттай

МАН-ын Үндсэн дүрэм, Монголын улс төрд явж ирсэн жишгээр ялсан Намын дарга Ерөнхий сайд болох заалттай. Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх бүгдээрээ Ерөнхий сайд, Намын дарга гэсэн “давхар дээл”-ийг тулах цэг, түших баганаа болгож ирсэн. Сүүлд З.Энхболд, М.Энхболд гэсэн хоёр улстөрч УИХ-ын даргын албатай хавсарч, тогтсон уламжлалаа үгүйсгэснээс бусдаар Ерөнхий сайд+Намын дарга гэх улс төрийн зүй тогтол манайд нэн шинэ үзэгдэл биш, хуучных. Үүгээр Л.Оюун-Эрдэнийн хэлдэг мэдээж зөв, үнэнд ойр байр суурь. Намын дарга гэх статусын хүрээнд З.Энхболд Ч.Сайханбилэгийг, М.Энхболд Ж.Эрдэнэбатыг парламент, Засгийн газрынх нь төвшинд хөлийг нь тушиж, сайд нараар нь барьцаалж, хүссэнээрээ хөдөлгөдөг, тэр хэрээрээ хүчгүйдүүлэхийн зэрэгцээ Монгол Улс ёолкны тоглоом шиг Ерөнхий сайдтай байсан уу гэвэл байсан.

Харин Намын даргын тамга нь У.Хүрэлсүхэд байгаа болохоос Л.Оюун-Эрдэнэ тийм зовлон алга. Тэр бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тодорсон У.Хүрэлсүхээс хойшхи шинэ цагийн хамгийн хүчтэй Ерөнхий сайд. Н.Алтанхуяг шиг ажил хийлгэсэнгүй гээд гоморхоод суух шалтаан үгүй, хуулиар Авлигатай тэмцэх газрын удирдлагын томилгоог гүйцэтгэх засаглалын тэргүүний халаасанд оруулчихсан. Ч.Сайханбилэг шиг сайд нараасаа гадна Тавантолгой, төмөр зам гэсэн том төслүүдээр барьцаалуулж, парламентынхаа уур амьсгалд тааруулж ажиллах айдас байхгүй, танхимаа огцруулж, чөлөөлж, томилох бүрэн эрх өөрт нь хадгалагдаж буй. Ганцхан Ж.Эрдэнэбат шиг болгоомжлох асуудал бий нь Намын даргын тамга атгаагүйгээсээ сул Ерөнхий сайд болж харагдах, бүр огцорч мэдэх эсэх.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувь заяа хаашаа эргэх вэ?

“Гал тогоо”-г нь зангидаж байсан танхимынхаа тал хувийг улируулан ажиллаж байгаа учраас өнөөдөртөө Засаг нь харьцангуй тогтвортой ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувь заяа хаашаа эргэх вэ? гэдэг нь асуултын тэмдэг. Үүнийг эртнээс мэдэрсэн тэрбээр танхимынхаа 100 дахь хоногийг тохиолдуулж, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Намын даргын тамгыг давхар атгах ёстой гэсэн мессежийг хэлсэн байхыг үгүйсгэхгүй.

Угаасаа У.Хүрэлсүх зургаа дахь Төрийн тэргүүн болох эсэхээс үл хамаарч сонгуулийн дараа МАН-д дахин хуваарилалт явах нь тодорхой. Энэ хүрээнд МАН-ын даргын суудал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өвлөгдөж шилждэггүй л юм бол У.Хүрэлсүхийн дараах шуурга түүнийг албан тушаалаас нь буулгаад зогсохгүй Засгийн газрыг нь унагаах эрсдэлтэй нүүр тулна. Бүх шатанд үнэмлэхүй олонхиор засаглаж байгаа МАН-д бялууны зүсэм хүртэхээр хүлээж байгаа xоёр байтугай гуравдугаар ээлжийнхэн хангалттай бий.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуультай, сонгуульгүй Л.Оюун-Эрдэнэ МАН-д хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний лидер болсон эсэхийг өөрийн амнаас унагасан “Ерөнхий сайд Намын дарга байх ёстой” гэсэн зарчим бодит алхам болж буухаас бүрэн шалтгаалах нь. С.Баяр шиг үүрэг, хариуцлагатай дүйх эрх мэдлийг аваад үлдэх үү? бүр Сү.Батболдын дайтай залгамжлагч болох уу? эсвэл сонгуулийн жилийн настай Ж.Эрдэнэбатын хувь заяаг давтах уу? гэдгийг ёстой л цаг хугацаа харуулна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet